Бэлэг эрхтний ариун цэвэр нь зөвхөн цэвэр цэмцгэрийн тухай сэдэв биш юм. Үтрээний бохирдлоос үүдэн үр тогтоох чадваргүй болох, сексээс авах таашаал буурах, умай хүзүүн шархлаа үүсэх, үтрээ хуурайших зэрэг эрүүл мэндийн олон сөрөг нөлөөтэй. 

Иймд бүсгүй танд бэлэг эрхтнээ хэрхэн зөв арчлах талаарх цогц зөвлөгөөг хүргэж байна. 


#1 Дотуур хувцсаа хуурай байлгаарай


Бие зассаны дараа үтрээгээ арчихгүй байх нь дотуур хувцсыг норгож улмаар эвгүй үнэр үүсгэдэг. Мөн халдвар авах ч эрсдэлтэй. Тиймээс дотуур хувцасаа үргэлж хуурай байлгахад анхаарч ариун цэврийн цаас эсвэл зөөлөн даавуу ашиглан цэвэрлэж хэвшээрэй.

Сарын тэмдэг ирэхээс бусад үед үтрээнээс цайвар шүүрэл бага хэмжээгээр ялгарах нь хэвийн зүйл. Үтрээний шингэн буюу шүүрэл нь үтрээг эрүүл байгааг илтгэж байгаа юм. Гэвч ихэнх эмэгтэйчүүд үүнээсээ санаа зовниж хуурай цацлага хэрэглэдэг. Энэ нь эсрэгээрээ үтрээ загатнах, хуурайшилт үүсэх гол шалтгаан болдог байна.


#2 Ариун цэврийн хэрэглэлээ 4-6 цаг тутамд соль



АНУ-ын эмэгтэйчүүдийн эмч Нупур Гупта ариун цэврийн хэрэглэлээ солих хугацааг дөрвөн цаг тутамд нэг байх нь тохиромжтой хэмээн зөвлөжээ. Мөн сарын тэмдгийн үеийн шингэн гадагшлуултаас хамааран 2-3 цагийн хугацаанд ч сольж болох юм. Чанар муутай ариун цэврийн хэрэглэл сонгох, хэрэглэлээ солихгүй удах нь загатнах, эвгүй үнэр гарах, үрэвсэлт өвчин, харшил үүсгэх суурь шалтгаан болдог байна.


#3 Бэлгийн харьцаанд орсны дараа заавал угааж хэвшээрэй


Дотно харьцаанд орсны дараа үтрээгээ цэвэрлэж заншаарай. Учир нь үрийн шингэн, бэлгэвчээс үүссэн тоосонцор нь халдварт өвчин үүсгэх аюултай. Тухайлбал шээсний замын халдварт өвчин авах эрсдэлтэй.  

Иймд бэлгийн харьцааны дараа үтрээгээ хамгаалах энгийн арга  бүлээн усаар угаах нь юм.



#4 Саван хэрэглэхээс зайлсхий



Эмзэг эрхтнээ угаахдаа хатуу болон хэт хурц үнэртэй саван хэрэглэхээс зайлсхий. Саванд агуулагддаг глицерол, антисептик зэрэг химийн бодис нь үтрээн дэх бактерийн тэнцвэрт байдал болон хүчил, шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, ашиггүй бактерийн өсөлтийг нэмэгдүүлдэг байна.  Иймд зүгээр л бүлээн усаар угаах нь зүйтэй. 


#5 Үнэрт бүтээгдэхүүнээс татгалзаарай


Бидний биеийн хамгийн бохир хэсэг амны хөндий юм. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд нууц эрхтэндээ л илүү анхаарал хандуулж, буруу арчилдаг.  

Эрчүүд хүртэл бүсгүйчүүдийн эмзэг эрхтнээс сарнайн үнэр үнэртэхэд дуртай байдаг гэсэн судалгаа бий. Гэвч эдгээр анхилуун үнэрт бүтээгдэхүүн буюу салфетка, үнэр дарагч, скраб зэрэг нь харин ч эсрэгээрээ халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. Иймээс эмэгтэйчүүдийн эмч нар эдгээр бүтээгдэхүүнийг татгалзахыг зөвлөдөг. 


#6 Хамгаалалттай бэлгийн харьцаанд ороорой


Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь хламиди, заг хүйтэн, герпес, тэмбүү, ХДХВ зэрэг бэлгийн замаар дамждаг өвчин авах эрсдэлийг даруй хэд дахин нэмэгдүүлдэг. Иймд бэлгийн харьцаанд хамгаалалттай орсноор БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Сануулан хэлэхэд, бэлгэвч худалдан авахдаа материал болон найрлагаас нь харшлах эсэхээ нягтлаарай. 


#7 Дур мэдэн эмчилгээ хийх гэж хэзээ ч бүү оролдоорой


Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол бэлэг эрхтэн өвчилсөн үедээ эмчээс зөвлөгөө авалгүй дур мэдэн эмчилдэг явдал юм. Тухайлбал, мөөгөнцрийн эсрэг эм, тосон түрхэц, бактерийн эсрэг лаа зэргийг эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Хэрэв,

Таны нас 16-аас доош, 60-аас дээш бол

Жирэмсэн бол

Таны үтрээнээс цусархаг ялгадас гарсан бол

Хэвлийн доод хэсгээр өндөр зовиуртай бол

6 сарын дотор 2 ба түүнээс дээш удаа мөөгөнцрийн үрэвслийн шинж илэрсэн

Өмнө нь бэлгийн замаар дамжих халдвараар өвдөж байсан бол

Өмнөх эмчилгээнд үр дүн муутаы байсан бол

Удаан хугацаагаар өөр төрлийн эмчилгээ, химийн тариа хийлгэж буй бол эмчид заавал хандаарай.


#8 Синтетик материалаар хийсэн хувцас өмсөхөөс татгалз


Та ямар материалаар хийсэн дотуур хувцас өмсдөг вэ? 

Хэрэв одоог хүртэл синтетик буюу бидний хэлж заншснаар нилонон материалаар хийсэн дотуур хувцас өмсдөг бол яг одооноос татгалзахыг зөвлөж байна. Учир нь синтетик дотуур хувцас нь агаарын солилцоог бууруулж, арьсыг ихээр хөлөргөн бактери, мөөгөнцөр үржих таатай нөхцлийг бүрдүүлэгч болдог гэнэ. Иймд эмэгтэйчүүдийн эмч нар ч агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, даавуун дотор хувцас хэрэглэхийг зөвлөдөг. 

Мөн дасгал хөдөлгөөн хийх, ууланд алхах зэрэг хөлс ихээр гадагшилсны дараа заавал дотуур хувцсаа сольж заншаарай.


#9 Зөв арчиж сурах


Нууц эрхтнээ хэн ч яаж арчихаа мэднэ шүү дээ гэж та бодож байна уу. Инээдтэй санагдаж мэдэх ч энэ бол хамгийн анхаарах дадлын нэг юм. Бие зассаны дараа эмзэг эрхтнээ арчихдаа урдаас хойш чиглэлтэй арчих нь хамгийн зөв арга юм шүү. Үүнийг мэддэггүйгээс болж өгсөх замын халдвар авсан эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байгаа нь энэхүү дадал чухал болохыг харуулна. Мөн охидод багаас нь үүнийг зааж дадуулах нь чухал.

 

#10 Бэлэг эрхтний үсийг бүү хус


Та дандаа өнөөхөө ваксдуулдаг юм биз? Байгаль бидэнд юуг ч дэмий заяагаагүй. Умдагны үс ч бас өөрийн үүрэгтэйг бүү мартаарай.

Судалгаанаас үзэхэд ичимдэг эрхтний үсийг хуссанаар арьсны хамгаалах давхаргыг үгүй хийдэг байна. Тэр хэрээрээ төрөл бүрийн халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Судалгаанаас үзэхэд нууц эрхтнийхээ үсийг хусдаг эмэгтэйчүүд бэлгийн хомхой, үрэвсэлт өвчинд илүү их өртөмтгий байдаг нь батлагджээ.