С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдаад буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг байна хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Үүний дараа Засгийн газар тус бичлэгийн хэсгийг нууцаас гаргах тогтоол гаргаж, өчигдөр орой УИХ-ын гишүүд хаалттай горимд үзсэн. 

С.Зоригийг хөнөөсөн уг хэрэг болон бичлэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр ажлын өрөөндөө мэдээлэл хийлээ.

Тэрээр "Би попуудын зогсдог газар очиж мэдээлэл хийхээ болиод удаж байгаа. Одоо энэ өрөөндөө л байя. С.Зориг агсныг хөнөөсөн асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэг хүн зүгээр харж зогсож байгаад, асуудал гарангуут нь оролцсон мэт байдлаар манай зарим попууд хандаж байна. Тийм зүйл огт байхгүй. 

2015 оноос хойш буюу Б.Булганыг барьсан өдрөөс энэ асуудлыг хамгийн түрүүнд би твиттерээр мэдэгдээд, Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд тухайн асуудлаар хөөцөлдөж, прокурор зэрэг холбогдох бүх газарт хандаж байсан.

Өчигдрийн бичлэгийг харахад эрүүдэн шүүсэн асуудал харагдаж байна. Эрүүдэн шүүж буй мэдээлэл, гүйцэтгэх ажлаар түүнийг нотлосон гэх мэдээллийг харьцуулах шаардлагатай байна. Тиймээс би одоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорт албан бичиш хүргүүлнэ. 

Энэ хэрэгтэй холбоотой 3 том хэрэг гарч байсан.

1. Иргэн н.Батсүхийн нэг жил 6 сар Төв аймгийн шоронд тамлан зовоосон гэдэг асуудал. Дараа нь түүнд дипломын хэрэг ч билүү өчүүхэн хэрэг үүрүүлсэн болоод С.Зоригийн хэрэг биш болгосон. Одоо тэрээр тухайн үеийн нөхцлөөс болоод уушгины хүнд  өвчин туссан мэдээлэл байна. 

2. Д.Энхбат гэдэг хүн нас барсан. Гэтэл түүний өмгөөлөгчийг барьж, хорьж, тамлан зовоосон. Эдгээрийг цогцоор нь шалгуулахаар би албан бичиг өгнө.

Өчигдөр үзүүлсэн бичлэгт "Б.Содномдаржаа зогсож байхад түүн дээр 2 хоригдол орж ирсэн. Тэдний нэг нь Ц.Амгаланбаатар байсан. Тэр 3  өрөөндөө амьдарч буй үйл явдал гарсан. Нөгөө 2 нь гаднаас эргэлт авна, орон дээр унтах зэрэг арай давуу нөхцөлтэй. Б.Содномдаржааг хэргээ хүлээ гэсэн байдлаар дэглэсэн байсан.

Жорлон байхгүй тэр өрөөнд хамт хоригдож буй нэг хүн нь саванд шээсний дараа Ц.Амгаланбаатар өөр рүү нь цацаад, тэр 2 барилцаж авсан. 

Шөнийн цагт юмуу даа Т.Чимэгээг унтаж байхад хаалга онгойсон. Тэрээр сэрсэн. халаасандаа гараа хийсэн цээж нүцгэн нөхөр орж ирээд "чи хэргээ хүлээ, би та нараас болж энд удаан зовмооргүй байна гэж хэлээд, нэг тамхи татаад гарч байгаа". Тус 30 орчим минутын бичлэгээр ийм үйл явдлыг харуулсан. Тус бичлэгийг олон түмэнд үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ жүжигчилсэн тоглолт хэлбэрээр. Тухайлбал, Б.Содномдаржаагийн оронд Батаа гэдэгч юм уу өөр хүн тоглуулаад үзүүлсэн нь зүгээр. 

Түүнээс биш тус бичлэгийг шууд харуулж болохгүй. Үүнд 2 шалтгаан байна. 

1. Өндөр настай ээж нь хүүгээ яаж хоригдож буй нөхцлийг харах бол сайхан биш.

2. Хоригдож буй хүнийг шууд харуулж болохгүй. Түүний нэр хүнд, цаашлаад хүүхдүүдэд нь ямар байх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй" хэмээн мэдэгдлээ.