Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна сэдвээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буйн нэг илрэл нь бэлгийн хүчирхийлэл. Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2012 оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол, 2013 оны эхний 10 сарын байдлаар 54 хэрэг, 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тоон мэдээлэл байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Ийм гэмт хэргийн дийлэнхийг гэр бүл, төрөл садангийн хүмүүс үйлдэж, хохирогчид нь 5-17 насны охид байдаг аж.

Тэгвэл охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль юу хийх вэ?


Тус сургууль нь Нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд бага болон өсвөр насны охидыг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Мөн үр хөндөлт, бэлгийн боловсрол, хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн гэрлэлт, хүчирхийллийн талаар охидод мэдээлэл өгч, өөрийгөө хамгаалахад суралцуулах зорилго тавьжээ.

Тиймээс уг зорилгоо хэрэгжүүлэхээр охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллах тухай албан бичгийг Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад хүргүүллээ.

Тус албан бичигт "Хүүхдийг хүчиндэх, бэлгийн дарамт үзүүлэх үйлдэл нь хохирогч болон ар гэрт нь сэтгэл зүйн гүн хямрал, шарх үлдээж, тэдний ирээдүйдээ итгэх итгэл, зорилго тэмүүллийг үгүй хийж, хэвийн амьдарч чадахгүйд хүргэдэг төдийгүй цөөнгүй хэсэг нь сэтгэцийн эмгэгтэй болж хохирдог. Тиймээс энэхүү бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бид дараах чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна..." гэжээ.

Баянгол дүүргийн Засаг даргад тус сургуулиас хүргүүлсэн хамтран ажиллах тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

Манай улсад нийгмийн ажилтан мэргэжилтэн бэлтгэдэг 13, сэтгэл зүйч бэлтгэдэг 8 их, дээд сургууль байдаг байна. 

Эдгээр сургуулийг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас гаргасан дээрх санаачлагыг дэмжин тус бүрдээ нэг нэг дүүрэгт ажиллаж, эрсдэлд өртөх магадлалтай, өртсөн охидод сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тэдний гэр бүлтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг тус сургуулиас уриаллаа.