Бид Ардчилсан засаглалтай, Капиталист эдийн засгийн системд амьдарч байна. Тэгж хэллээ гээд би капитализмыг бүр мөсөн үгүйсгэж муулах гэсэнгүй, манай орон ердөө л үүний үр дагавраар гардаг зарим сөрөг үзэгдэл, асуудлуудыг бусад орны жишээгээр л туулж явна.  

Бид олон мянган жилийн түүхтэй төрт улс байгуулж байсан үндэстэн. Төрт улс оршиж байсан учраас манай үндэстэнд өнө эртнээс уламжилж ирсэн ёс суртахуун, үндэсний үзэл, тэр үндэсний үзлийг дагасан хууль цааз гэж байсан байж таарна. Гэвч одоо зарим нэг судлаач, философич хүмүүсийн ярьдгаар бараг л бүдүүлгүүд байсан болж таараад байх шиг байдаг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Одоо хүртэл манай нийгэмд хэт барууны онол сургаалд автан түүнийгээ туйлын үнэн мэтээр ойлгодог хүмүүс байдагт би их гайхдаг.

Бусад ард түмэн, үндэстнүүдийг бүдүүлгүүд, зэрлэгүүд гээд боолчилж, эзлэн түрэмгийлж байсан барууныхны түүх тийм ч холынх биш. Мэдээж авах, сурах ёстой зүйл байлгүй л яахав, гэвч бидний газар нутаг, түүхийн ой санамжаар бүтсэн өөрөөр хэлбэл жам ёсоороо бий болсон соёлын үнэт зүйл, ёс уламжлалыг элдэв гадны номлолоор сэлэх нь буруу гэж үздэг.

Аливаа хүн нь нийгэмшлийн хүчин зүйлээр өөрийн хүмүүн төрхийг олж авч байдаг бөгөөд, энэ нь хүнийг сүргийн амьтан гэдгийг илтгэнэ. Хүн хүний дунд нийгэмшиж чадахгүй бол хүний ухамсар хөгждөггүй бөгөөд сүнсгүй адгуустай ялгаа үгүй. Үүнийг жишээг чононуудтай өссөн Амала болон Камала гэх эгч дүүс дээр хийсэн судалгаанаас харж болно. Хүн бол байгалиасаа амьтанлаг шинж чанартай бөгөөд хүн болгон ямар нэгэн зүйлийг хүсэж түүнийгээ эрж байдаг. Тэр хүслийг хүмүүс нийгмийн хэв журамд тааруулан, хязгаарлан дүрэм журмуудыг гаргадаг. Мэдээж л хүн болгон нийгэмд хүссэн бүхнээ хийгээд байвал нийгэм гэж байхгүй нь ойлгомжтой.

Нийгэмд тодорхой ноёрхогч үнэт зүйл, ёс суртахууны мэдрэмж байдаг бөгөөд нийгэмд оролцогчид нийгмийн системээр дамжуулан тэр үнэт зүйл, ёс суртахууны хэм хэмжээг олж авдаг. Энэ үйл явцыг нийгэмшилт хэмээдэг. Тиймээс “нийгмийн хяналт” байдаг. Тухайн нийгэм дэх аливаа ёс суртахууны хэм хэмжээнээс гажуудсан хүмүүсийг бусад нь шаардлага тавьж, жигшиж, ичээж, нийгмийн үнэт зүйл, ёс суртахуунаа хамгаалж байдаг. Ийм байдлаар нийгмийн хяналт болон нийгэмшилт нь нийгмийн тэнцвэртэй байдлыг хадгалж, өөрийгөө засаж байдаг. Одоо үед харин зарим хүмүүс, ялангуяа баруунаас суралцсан залуу үеийнхэн маань “open-minded”- гээд нийгэмд буй ёс суртахууны мэдрэмжийг алдагдуулан зарим табу байдаг зүйлсийг хамаагүй ярьж, хийж байна. Түүнийг нь шаардлага тавьж, шүүмжилбэл хуучирсан үзэл бодолтой, хүний эрх, бүүмэр, гэх үгсээр хаацайлан бидэнд үлдсэн Монгол үнэт зүйлсийг эвдэж байна.

Түүнчлэн аливаа нийгэмд оролцогч нь гэр бүл, боловсрол, зарим тохиолдолд шашин гэх мэт үнэт зүйлийн төлөөлөгч институцуудаар хүмүүжиж нийгэмшдэг бөгөөд тэдгээр нь бага залуу хүнд юу нийцтэй эсвэл нийцгүй талаар өвлүүлж сургадаг. Хүний бага залуу насанд олж авсан ёс суртахууны хэм хэмжээ нь хэтэрхий ерөнхий байх хандлага байдаг тул амьдралын тодорхой нөхцөл байдалд хэрхэн арга хэмжээ авахыг нарийн заадаггүй. Тиймээс хүний нийгэмших үйл явц төрөхөөс үхэх хүртэл насан туршид үргэлжилдэг бөгөөд амьдралын туршид олж авсан тэр нарийн ширийн туршлагаар тухайн хүнд үзэл бодол хэмээх нь бат суудаг. Харин тэр “Үзэл бодол” –ыг үүтгэл зүйл нь ёс суртахуун бөгөөд түүний үндэс нь ёс уламжлалаас эхээ авдаг аж.

Гэвч сүүлийн үед манай нийгэмд гадны соёл, үзэл суртал ихээр нэвтэрч байна. Үүний улмаас олон шашин, олон үзэл санаа оршин байснаар нийгмийн тогтвортой байдал, болон Collective conscience буюу хамтын ухамсар алдагдана. 

Үүний уршигаар Монгол хүн монгол хүнтэйгээ үзэл бодол, ёс суртахууны хувьд таарч тохирохоо болин зөрчлүүд их үүсдэг. Нийгэмд хэвийн бус, гаж үзэгдлүүд газар авч нийгэм өөрөө тогтворгүй болно. Бараг юу гаж, юу гаж биш мэдрэмжээ алдаж эхэлж байна. Үүний улмаас бид хуулийн хүрээнд биш юмаа гэхэд, ёс суртахууны хэм хэмжээний хувьд хүн бүр дур зоргоороо аашилж, юуг хийх, юуг хүсэх, юуг зорих ёстойгоо мэдэхгүй, маш их ойлгомжгүй байдлууд бий болж байна. 

Үүнийг Социологийн шинжлэх ухаанд “Anomie” нийгэм гэж томьёолдог. 

Тухайлбал, нийгмийн анхдагч гэх гэр бүлийн институцийн хүрээнд яривал, манай улсад гэр бүлийн асуудал, тэр тусмаа хүчирхийлэл их байна. Учир нь эрэгтэй эмэгтэй хүмүүс нэгэндээ хайртай болоод гэр бүл болох гэтэл нэгнээ ойлгож бас ойлголцож чаддаггүй, адилхан Монгол хүн байж өөр өөрсдийн ялгаатай ухамсартай, эсвэл шашинтай байдаг. Энэ нь тухайн хосын аль нэгнийхээ дотоод хүний уг хүмүүжилтэй нь зөрчилдөөд байдаг болохоор хуурамч дүр эсгэж аргацаан сэтгэлээрээ байж чаддаггүй, тэр нь нэг бол хүчирхийлэлд хүргэдэг эсвэл салалтаар дуусдаг. Түүнчлэн манай ирээдүй болсон хүүхэд залуучуудад энэ нь буруу үлгэр дуурайлал, буруу нийгэмшлийг олгож байдаг бөгөөд зүй нь гэр бүлийн хямралын нөлөөгөөр дараагийн залуу үе тодорхой тогтсон үзэл бодолгүй, роботжсон, хүнийссэн, аминч явцуу, хуурамч инээмсэглэлээр нүүрээ нуусан хулчгарууд болж гарч ирэх хандлага байна. Эл асуудал нь жижиг мэт боловч хамгийн том асуудал бөгөөд үүнээс Монголын нийгэм дахь үнэт зүйлийн хямралыг  харж болно.

Манай улс нь Капитализмын замналаар явж байгаа тул эдийн засгийн эрх чөлөө, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэх мэт, материаллаг үнэт зүйлийн чиг баримжаа нь ноёрхож байна. Энэ нь өөрөө манай нийгмийн зорилго болсон тул ихэнх хүмүүс мөнгө олохын төлөө л зүтгэдэг. Ерөөсөө л баян болохыг аз жаргал гэж боддог болсон. Гэвч тухайн хүний үнэт зүйл юу байна, юунд хамгийн үнэ цэнийг өгч байна яг тэр хэмжээгээрээ тухайн хүмүүн өөрийн үнэ цэнийг тодорхойлчихдог. Энгийнээр хэлбэл та хэн ч байсан хамаагүй зүгээр таны хэр их мөнгөтэй чинь л чухал гэж байгаа юм. Иймээс л манай нийгэмд хууль цааз, ёс суртахуунаас дээр гарсан хээл хахууль, шударга бус байдал газар аваад байгаа шүү дээ. Энэ сэдвийн талаар улиг болтол нь ярьсаар байгаад одоо бүр чих дөжирчихсэн.

Миний бодлоор материаллаг үнэт зүйлийг үнэт зүйл гэж хэлэхгүй. Учир юу вэ гэвэл энэ нь ихэвчлэн эрх ашиг, хүний шунал дээр дөрөөлсөн байдаг. Эл хүмүүс бялдууч, зусарч, худалч муухай ёс суртахуунгүй хүмүүс байдаг. Үзэл бодол байхгүй байна гэдэг нь итгэл бишрэл байхгүй байна. Итгэл бол хамгийн чухал зүйл. Аливаа хүн өөртөө итгэх итгэлийг олж байж аливаа үйл хэргийг бүтээдэг. Тэр бүтээсэн үйл хэргээрээ бахархлаа бий болгодог. Итгэл бишрэл байхгүй байгаа нь үнэт зүйлгүй гэсэн үг. Хүн юу хүсэж байгаагаа зөв мэдэж, танихгүй бол хүний хүсэл дуусдаггүй. Тиймээс зөвхөн эрх ашгийн сэдэл санаа нь шунал болдог. Тийм учраас орчин үеийн нийгмийн хүмүүс аз жаргалгүй нүдэнд нь гал цог үгүй (Blaze) гэж Георг Зиммел “Мөнгөний философи” бүтээлдээ дурдсан байдаг. Хүний тэр дотоод хүсэл эрмэлзэл, хэрэгцээ нь хангагдахгүй болохоор хүн залхдаг, залхаад архинд ордог, эсвэл амиа хорлодог.(Заавал баян болон хүсэл дээр бус)                    

Эцэст нь хэлэхэд “хэн ч биш боолыг л мөнгөөр авдаг шүү дээ”. Харин өдгөө Монгол хүмүүст өөрсдийн итгэл үнэмшил, үндэсний үзэл хэрэгтэй байна. Үндэсний үзэл гэхээр хүмүүс тэр барууны фашизм, Гитлер гэх мэт нь ухамсарт нь буудаг. Гэвч энэ нь тийм биш, өөрсдийн түүхгүй, бахархалгүй ард түмэн л аливаа хий хоосон номлол бүтээж, түүндээ итгэж амьдардаг. Гэтэл бидэнд арвин сайхан түүх, ёс уламжлал, өөрсдийн гэсэн үнэт зүйл бий. Тиймээс бид өөрсдийн итгэл үнэмшлээр, арга замаар хөгжиж босс болж болно, эсвэл хэн ч биш боол болж болно. Харин та:“босс болох уу боол болох уу”


Т.Билгүүн