Монголын Эмнести интернэшнл, “Дахин төлөвлөлөлт-иргэний оролцоо” эвсэл хамтран  “ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ– ОРХИГДСОН ИРГЭД – ХОТЫН ХӨГЖИЛ” хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хот, суурин газрын дахин төлөвлөх үйл ажиллагаа, үүнд холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, зохицуулалт, хяналтын асуудлыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн дахин төлөвлөлтийн бодит нөхцөлд тулгуурлан хэлэлцлээ.  

Монгол улсын нэгдсэн олон улсын гэрээ конвенцийн дагуу төрөөс иргэдийг шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах ёстой. Иймд 2013 оноос эхлэн гэр хороолол, шаардлага хангахгүй барилгын газрыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлжээ. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 86 хэсэг болон шаардлага хангахгүй 340 гаруй барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл хэрэгжээд зургаан жил болж байна. 

Үүний үр дүнд олон айл өрх тав тухтай орон сууцанд орж, ая тухтай амьдрах орчноо бүрдүүлсэн. Гэвч дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэдийн өмчлөх болон бусад эрхийг ноцтой зөрчих тохиолдол гарч буйг Монголын Эмнести интернэшнл ТББ-аас онцлов.


Дахин төлөвлөлтийн компаниуд иргэдийг төөрөгдүүлж санал авдаг

Дахин төлөвлөлт хийх компанийг төрөөс сонгон шалгаруулдаг. Ингэхдээ нийт оршин суугчдын 80 хувийн дэмжлэгийг авах шаардлагатай байдаг ажээ. Гэвч зарим компаниуд өөрсдийг нь дэмжээгүй айл өрх хамаагүй гэх байдлаар хүмүүсийн нь эрхийг ноцтой зөрчих тохиолдол гарчээ. 

Ингэж хохирсон иргэдийн нэг төлөөлөл П.Давааням юм. Хоёр жилийн өмнө түүний гэрт  төсөл хэрэгжүүлэгч компанийн хүмүүс дайрч орж, эд хогшлыг нь хүчээр ачсан гэнэ. Энэ хэргийг одоо ч хууль шүүхийн байгууллага шалгасаар байна. Харин П.Даваанямыг зөвшөөрөлгүй дүрс бичлэг авсан гэж буруутган Зөрчлийн хуулиар торгууль ноогдуулжээ. 

Түүнчлэн компаниуд санал авахын тулд танай байрныхан бүгдээрээ зурчихсан, та л үлдсэн гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлдэг гэнэ. Ингээд мэдээлэл муутай, яаран сандран гэрээ байгуулсан нь иргэд орох оронгүй болж түрээсийн байр дамжин амьдрах зэрэг  хүнд нөхцөл үүсэх шалтгаан юм. 

Төрөөс эдгээр компанид ямар нэгэн хяналт тавьдаггүй. Иргэдийг гомдпол гаргахад компанитайгаа л учраа ол гэх байдлаар ханддаг гэлээ.


Газраа чөлөөлөөд түрээсийн байранд амьдарч буй иргэд 19.5 сая төгрөг зарцуулдаг

Монголын Эмнести интернэшнл ТББ-аас хийсэн судалгаагаар дахин төлөвлөлтөөс болж амьдрах нөхцөл нь хүндэрсэн,түрээсийн байр, түр орон сууцанд 400 орчим айл өрх амьдарч байна.

“Газрын эзэн баян зүрх нөхөрлөл”-ийн захирал Б.Нямжав “Судалгаанаас үзэхэд дахин төлөвлөлтөд орсон ч байранд орж чадаагүй айл өрхүүд түрээсийн төлбөрт дунджаар 19,5 сая төгрөг, тавилга эд хогшилын хохиролд 5,8 сая, сургууль цэцэрлэгийн зардалд 6,5 сая төгрөг зарцуулсан гэх судалгаа гарсан” гэлээ.

“Иймд дахин төлөвлөлтийн ажилд төрөөс онцгой анхаарч, гарсан алдаа дутагдлыг засах ёстой. Олон хууль тогтоомж, журам гарсан ч бодит байдал дээр хэрэгжилт нь хангалтгүй байна. Хэрэгжүүлэгч хүмүүс нь хүний эрхийн мэдлэг мэдээлэл, мэдрэмж муутай байна. Дахин төлөвлөлтийг цаашид хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бололцоог бий болгох, иргэдтэй бодитоор зөвлөлдөх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь чухал” гэдгийг Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, хуульч, өмгөөлөгч, судлаач П.Очирбал онцоллоо.