Японы төв болон зүүн хойд нутгуудаар хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшиг үүсээд байгаа бөгөөд 20 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.

Хүчтэй аадар бороо цаашид бямба гарагт зүүн болон баруун бүс нутгуудаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул тус нутгийн ард иргэдийг хөрсний гулгалт болон үерийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Японы цаг уурын агентлагаас анхааруулаад байгаа аж.

Кумаки гол үерлэсэн тул тус улсын төв хэсэгт оршдог Ишикава мужийн Нанао хотын 7965 иргэнийг мөн тус мужийн Ходацусимизу хотын 13337 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна. Зүүн хойд нутгийн Ямагата мужийн Тозава тосгонд хөрсний гулгалтын улмаас зам хаагдаж, хүмүүс боогдоод байгаа бол тус мужийн Мигамиогуни гол мөн үерлээд байгаа ажээ.

Хүчтэй аадар борооны улмаас төмөр замын хөдөлгөөн мөн саатаад байгаа бөгөөд Ямагата болон Шинжо буудлын хоорондох хурдан галт тэрэгний хөдөлгөөн болон Ишикава мужийн Каназава буудлаас ирэх, явах хөдөлгөөн тус тус саатаад байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг