Монгол Улсын 21 аймагт хэрэгжиж буй орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр (ОНЖДХ)-ийг хоёр жил ба түүнээс дээш хугацаанд хэрэгжүүлсэн Баянхонгор, Булган, Дорнод, Өмнөговь, Ховд зэрэг таван аймгийн жендэрийн дэд хөтөлбөрт орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд анх удаа оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ (ОХШҮ) хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулаад байна.

ОХШҮ-ээр Ховд аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт 92%, Дорнод 80%, Баянхонгор 77.8%, Өмнөговь 61.8%, Булган аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт 61% -ийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжсэн дүн гарсан. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн төсөв болон олон улсын түншлэгч байгууллагуудын санхүүжилтээр 200 саяаас 1 тэрбум 300 сая хүртэлх төгрөгийг зарцуулсан бөгөөд хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байрыг ашиглалтад оруулах, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв, эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх кабинет байгуулах чиглэлд гол төлөв зарцуулагджээ. 

Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр (ОНЖДХ) хэрэгжсэнээр хүчирхийллийн хохирогчдод эрх зүйн туслалцаа үзүүлэх, байрлуулах “Түр хамгаалах байр”, цогц үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв”-үүдийг ашиглалтанд оруулснаар дээрх таван аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 6000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлээд байна. Түүнчлэн, дээрх аймгуудад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарсан “Эрэгтэйчүүдийн дэмжих, Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр” батлагдан хэрэгжиж байгаа нь үндэсний хэмжээнд жендэрийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн үр нөлөөг тэгш хүртээх чиглэлд хийгдэж буй үр дүнтэй ажлуудын нэг болохыг Баянхонгор, Булган, Дорнод, Өмнөговь, Ховд зэрэг таван аймгийн жендэрийн дэд хөтөлбөрт хийсэн оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ (ОХШҮ)-ний тайланд онцолжээ. 

Тухайлбал, Өмнөговь аймаг жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний дүнгээр, эрэгтэйчүүдийн эмчийг мэргэшүүлж, эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх кабинетийг байгуулснаар эрэгтэйчүүдийн үзлэг оношлогоо нэмэгдэж сүүлийн хоёр жилийн хугацаанд 3900 иргэдэд үйлчилгээ үзүүлсэн. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид эрэгтэйчүүдийн кабинет байгуулан нийт 100 орчим эрэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлжээ. 

Түүнчлэн 2020 онд эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдох өвчлөл, түрүү булчирхайн хоргүй томрол, эрэгтэйчүүдийн цистит зэрэг сэдвээр нийт 9 удаагийн сургалтыг 200 гаруй иргэнийг хамруулан  зохион байгуулсан байна. 

Жендэрийн үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтэд ийнхүү хяналт тавьж, хүний хөгжилд онцгой үүрэгтэй жендэрийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ боловсруулж байгаа нь цаашид орон нутагт сайн жишгийг тогтоох эхлэл болж байна. Төсөл нь орон нутгийн ИНБ-уудыг чадавхжуулах, төр иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого шийдвэрт тэдний оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх замаар “Жэндэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг төслийн үр шимийг хүртэгч ИНБ-уудын төлөөллүүд онцолж байна. 

Аймаг бүрт нийтлэг тулгарч буй асуудал нь иргэд, сум орон нутгийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн жендэрийн ойлголт дундаж түүнээс доогуур, жендэрийн дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл сул байгаа нь цаашид дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн бүлэг, оролцогч талуудад хүргэхэд онцгой анхаарах шаардлагатайг ОХШҮ-ний багийн гишүүд онцолж байна. 

Энэхүү үр дүнгээс улбаалан иргэдийн жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтвортой урт хугацаанд, өргөн хүрээнд өрнүүлэхэд төсөв санхүүжилтийг  нэмэгдүүлэх ажлыг дараагийн хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөлтөд зайлшгүй тусгах шаардлагатайг онцоллоо. 

Дээрх шинжилгээ үнэлгээний үр дүнд тулгуурлан орон нутгийн удирдлага, шийдвэр гаргагчдад хүргүүлсэн бодлогын зөвлөмжүүдээс онцолбол; 

  • Жендэрийн талаарх олон нийт, сум орон нутгийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургшийалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг урт хугацаанд тогтвортой зохион байгуулах, хүйсээр ангилсан мэдээллийг бүрдүүлэх, бодлого төлөвлөлтөд ашиглах, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх;

  • Бодлого хөтөлбөр тухайн салбар орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх

  • Харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдыг хангах хууль, хөгжлийн бодлого хөтөлбөр, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих ажлыг тогтмол зохион байгуулах;

  • Аймгийн жендэрийн салбар хороо нь жендэрийн дэд салбар хороог сум бүрт байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, боловсон хүчнийг сургах, чадавхжуулах, 

  • Орон нутгийн онцлог, тулгамдаж буй асуудлыг судлан бодлого хөтөлбөрт тусгах, тэдгээрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг оновчтой, хүртээмжтэй байлгах, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах,

  • Сумдын түвшинд хэрэгжилтийг сайжруулах, иргэд, малчид, уурхайчид зэрэг оролцогч тал, үр шимийг хүртэгчдэд хүрэх мэдээллийн хүртээмжийг сайжруулах, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг болно.