Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч  үүрэг гүйцэтгэхээр болжээ. 

Эдгээр албан хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг өнөөдрөөс эхлэн 14-нийг дуусталх өдрүүдэд зохион байгуулж ажиллана. 

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон байна.

Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгдсэн байдаг. Тэдний 3 нь хүүхэд бөгөөд тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан аж. Иймээс орон нутгийн замд хүүхдээ зөв тээвэрлэхийг ТЦА-аас санууллаа.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг шалтгаануудтай байдаг.

Мөн баяр наадмын нээлт, хаалт болон соёолон морины уралдааны явцад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Ачааллын үеэр жолооч нар урсгал сөрөх, хайс, хашлага давах, явган хүний замаар явах тэмдгийн зүйл заалт зөрчих зэрэг зөрчил гаргаснаас зам тээврийн осол үйлдэгдсэн байдгийг анхаарууллаа.

Баяр наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг  "Авто радио" ФМ 96,3, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол нийт хөдөлгөөнд оролцогч нарт хүргэх аж.