ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл

Ч.Сумъяабазар
09 сарын 27, 2026

ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Төрийн Думын сонгуулийн албан ёсны дүн гарч, эрх баригч "Нэгдмэл Орос" (Единая Россия) намын үнэмлэхүй давамгайлал дор дууслаа. Сонгуулийн төв комиссын мэдэгдсэнээр "Нэгдмэл Орос" нам 450 суудлаас 349-ийг буюу рекорд амжилт үзүүлэн олонх болсон (2016 онд 343 суудал авч байсан) бөгөөд шинээр сонгогдсон парламентын анхдугаар хуралдаан 10 дугаар сарын эхээр болохоор товлогдоод байна.

Энэ удаагийн сонгууль дайны үед болсон ба ялангуяа сонгуулийн сүүлийн өдөр Москвагийн эргэн тойрон бүс нутгуудад Украйны 1,100 гаруй дроны халдлага болж 2 хүн алагдаж, 20 гаруй хүн шархадсан байна. Дайныг ил тод эсэргүүцдэг хамгийн хүчтэй сөрөг хүчин болох Яблоко намыг энэ сонгуульд оролцуулсангүй, хүчтэй сөрөг хүчингүй сонгууль боллоо гэж ажиглагчид үзлээ. Коммунист нам 37 суудал, Либерал Ардчилсан нам 23 суудал, Шинэ Хүмүүс нам 19 суудал, Шударга Орос нам 17 суудал тус тус авчээ.


ОХУ болон түүний хөрш орнуудын геополитикийн анхаарлын төвд байлаа. Хамгийн анхаарал татсан үзүүлэлтүүдээс дурдвал:

  • Эзлэгдсэн нутаг дэвсгэрийн санал: Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутаг болон Бүгд Найрамдах Крым Улсад нийт 4.5 сая гаруй иргэн сонгуульд оролцсон гэж Оросын тал мэдээлэв. Өөрөөр хэлбэл, цэргийн хяналтад байгаа бүс нутгуудад санал авах ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулжээ.

  • Дайнд оролцсон албан хаагчдын төлөөлөл: Кремлиэс "нийгмийн шинэ элит" хэмээн нэрлэж буй Украины дайнд оролцсон 46 цэргийн алба хаагчид Төрийн Думын гишүүнээр сонгогдсон нь онцлог байв. Ихэнх нь "Нэгдмэл Орос" намаас нэр дэвшиж ялалт байгуулжээ.

  • Эмэгтэйчүүдийн эзлэх хувь: Шинэ парламентад нийт 70 гаруй эмэгтэй гишүүн сонгогдсон нь парламентын суудлын 16 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх бүрэлдэхүүний түвшинг хадгалсан үзүүлэлт болов.

Монгол туургатан бүс нутгуудын улс төрийн төлөөлөл

Монголчуудын хувьд хөрш ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Буриад, Тува, Халимаг зэрэг Монгол туургатан бүс нутгуудаас хэн сонгогдсон нь онцгой ач холбогдолтой юм. Тухайлбал, Буриадын спорт, залуучуудын бодлогын сайд асан Вячеслав Дамдинцурунов (Нэгдмэл Орос) Төрийн Думд сонгогдон ажиллахаар болсон байна. Тувагийн өмнөх тэргүүнээр олон жил ажилласан Шолбан Кара-оол (Нэгдмэл Орос) парламентад дахин сонгогдож, Монгол туургатан бүс нутгийн нөлөө бүхий залгамж чанарыг хадгалж үлдлээ. Шолбан Кара-оол нь өмнөх Төрийн Думд дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Монгол ба Тувагийн хоорондох худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын дэд бүтцийн эрх ашгийг Москвад хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм. Халимагаас нэрт мэс засалч, Төрийн Думын эрүүл мэндийг хамгаалах байнгын хорооны дарга асан Бадма Башанкаев (Нэгдмэл Орос) сонгогдсон байна.

Нийтдээ шинэ Төрийн Дум нь цэргийн болон консерватив бодлогыг чангаруулсан, Кремлийн чиглэлийг бүрэн дэмжих бүрэлдэхүүнтэйгээр ажилдаа орж байна.


Эх сурвалж: mdjonline, themoscowtimes