Нийгмийн дундаж давхаргыхан Нью-Йорк хотыг орхин явах нь эрчимжиж байгаа тухай “New York Post” сонины нийтлэлд дурджээ.

Хүн амын тооллогын сүүлийн үеийн мэдээллээр, өдөрт 100 орчим хүн хотоос явж байгаа аж. Ийнхүү шилжилт суурьшил идэвхтэй явагдаж байгааг амьдралын өртөг, татвар нэмэгдэж, цалингийн хэмжээ буурсантай холбоотой гэж сэтгүүлчид үзэж байна. Иймэрхүү олноороо хотоос шилжих явдал 1930-аад оны Их хямралын үеэс хойш гарч байгаагүй аж.  

Америкийн эдийн засгийн судалгаа шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр, жилд 30-40 мянган ам.долларын орлоготой Нью-Йорк хотын оршин суугчдын 48 хувь нь дундаж давхаргад хамрагддаг бол оршин суугчдын 31 хувь нь үүнээс бага орлоготойд тооцогддог байна. Харин 21 хувь нь илүү мөнгө олдог аж. Үүний зэрэгцээ дундаж давхаргынхны цалин АНУ-ын бусад томоохон хотуудын оршин суугчидтай харьцуулахад илүү эрчимтэй буурч байгаа ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, New York Post