Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 27 иргэнийг буух явцад цасан нуранги үүсч, 19 иргэн сураггүй алга болжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 19 иргэн сураггүй алга болсон мэдээлэл өчигдөр 14 цаг 30 минутад Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид өчигдөр эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. 

Уулчид сураггүй болсон талаар өчигдөр ОБЕГ-аас яаралтай мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "Дуудлагын дагуу Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, нийслэлийн аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр 18.00 цагт МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сум руу нислээ. Үүр цайнгуут аврах, эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. Одоогоор сураггүй болсон иргэдийн талаарх мэдээлэл болон, тэдэнтэй холбогдсон зүйл байхгүй" хэмээн мэдэгдлээ.

Отгонтэнгэр ууланд авирсан 27 иргэн гурван бүлэгт хуваагдан уулнаас бууж байсан бөгөөд дуудлага өгсөн н.Саранчимэг нарын найман иргэн түрүүлж буусан байна. Тэдгээр найман иргэн Завхан аймгийн Онцгой байдлын албанд хандаж, эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа аж.

Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай юм байна.