Нийслэлийн Боловсролын газар их дээд сургууль, коллежийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт түгээх ажлыг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 84 их дээд сургуульд 108,970 гаруй мянган оюутан суралцаж, цахим карт авахаар байна. Энэ хяналтыг тоог нийслэлийн Тээврийн газарт мөн хүргүүлжээ.

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Цахим картыг гээгдүүлсэн, гэмтээсэн зэрэг дахин авах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг 9 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч шийдвэрлэх юм” гэдгийг мэдэгдсэн.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж “Энэ жил коллеж, МСҮТ-үүдэд 26 мянга гаруй оюутан суралцагч суралцана. Суралцагч оюутнуудын цахим картыг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар олгоно. Өнгөрсөн жилийнхээс бага зэргийн өөрчлөлт орсон нь картыг гээгдүүлсэн бол шинээр авах 3600 төгрөг, сунгалтын 1000 төгрөг буюу нийт 4600 төгрөг тушаах ёстой” гэв.

Хичээлийн жил эхлээд явцын дунд шинээр авсан картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан хүсэлт гаргаж картаа хүчингүй болгох, цэнэглүүлэх боломжтой.

Гэрээсээ 1 км зайд сургуульд суралцах оюутан бүрт цахим карт олгогдох аж. 

Их дээд сургуулиуд цахим картын хүсэлт гаргахдаа сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг, оюутнуудын нэрсийн жагсаалтыг цаасан болон файл хэлбэрээр, хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 2 давхарт Улаанбаатар смарт карт компанийн байранд өгнө. 

Материалыг хүлээн авснаас хойш тухайн сургуулийн оюутны тооноос хамааран өдөрт нь болон ажлын 1-2 өдөрт шийдвэрлэж сургуулийн сургалтын албанд шилжүүлэх юм. Оюутнууд цахим картаа сургуулийнхаа сургалтын албаар дамжуулан авах боломжтой юм.