Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлагаар хэрэгжүүлж буй "Бүрэн Монгол" төслийн үр шимийг Сэлэнгэ нутгийнхан хүртэв. Төслийн хүрээнд тус аймгийн Соёл урлагийн газарт иж бүрэн тавилгатай, зургаан ханатай өргөө цагаан гэр бэлэглэжээ. Энэхүү гэрийг үндэсний өв соёл, уламжлалт ахуйг залуус, хойч үедээ таниулж, нийтэд сурталчлах зорилгоор олгосон байна.

П.Бүрэнтөгс аварга хэлэхдээ “Бүрэн Монгол” төслийн нээлт 2023 оны наймдугаар сарын 4-нд эхэлж, Сэлэнгэ аймгийнхаа Соёлын газар иж бүрэн тавилгатай, зургаан ханатай гэрээ "Өв соёлын өргөө" -гөөр гардуулж өглөө.

Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцсон “Бүрэн Монгол” төслийн Сэлэнгэ аймаг дахь салбарын хамт олондоо, мөн аймгийн Тамгын газар, Соёлын газар, Онцгой байдлын газар болон нутгийн иргэд та бүхэндээ талархаж буйгаа  илэрхийлж байна. 


Монгол үндэсний өвийг тээж яваа хүний хувьд  21 аймгаас 1 аймагт "Өв соёлын өргөө" байгуулах санал санаачлагыг маш таатай хүлээн аваад зогсохгүй төрийн наадмын 2 түрүү, 4 шөвгөрсөн малгайныхаа залааг тус өргөөндөө дурсгал болгон өгсөн билээ. Нийгэмд зөв хандлага, зөв дадлыг үлгэрлэж чадвал төслийн зорилго орших болно оо. 

Найгах тарианы түрүү шиг сэтгэлтэй Сэлэнгэ нутгийн зон олондоо сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе” гэв.

“Бүрэн Монгол” төслийн хүрээнд олгож буй гэрийг тусгай захиалгаар, хамгийн чанартай мод, эсгий материал ашиглаж хийсэн бөгөөд патент авчээ. Цаашид тус төслийн багийнхан нийгмийн сайн сайхан руу чиглэсэн ажлуудыг тогтмол хийх юм байна. 

Төслийн багийнхан өмнө нь мэдээлэл хийхдээ “Бид зөвхөн гэр өгөөд орхихгүй. Тухайн аймгийн засаг захиргаатай хамтраад, ажлын байранд зуучилна. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа ахуйгаа аваад явах чадвартай залуусыг сонгоно.

Түүнчлэн орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төслийн сургалтад хамруулж, чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Ингэхдээ орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь бид Ховд аймагт "Тарвасны баяр" зохион байгуулсан. Түүнтэй адил идээ ундааны баяруудыг хийнэ.

Мөн спортоор хичээллэдэг, үндэсний бөхийг сонирхдог иргэдийн дунд амжилтад хүрэх замналаа хуваалцсан уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулна" гэж мэдээлж байв.