1990-ээд оны хүүхдүүд Сансрын нисгэгч Волтрон гэхээр хүүхэд нас нь хамаг сайхан дурсамжуудтайгаа санагддаг. Sega, гөөхий, черта, бөглөө гэдэг үгнүүдийг одооны хүүхдүүд сонсоод гайхах бол тэр үеийнхэн бараг харцаараа түүх ярина. Харин өнөө цагийн хүүхдүүд том болоод Пороро гэдэг үгийг сонсоод л огшихоор хэмжээнд хүрчээ. 

Хүүхэд багачууд байтугай хүүхэдтэй хүн бүр Пороро болон түүнийг найзуудыг мэднэ. Ажлын өрөөнд нэг хүн Поророгийн дууг эхлүүлэхэд л бусад нь дагаад дуулах жишээтэй. Тэгвэл энэ хүүхэлдэйн киноны юу нь хүүхэд багачуудыг тэгж их татдаг юм бол. Пороро зөвхөн манай Монголд л алдартай юу. Түүхийг нь сөхөцгөөе. 

Бяцхан оцон шувуу Пороро бол Өмнөд Солонгосоос гаралтай компьютер график дүрслэлтэй, телевизийн олон ангит хүүхэлдэй. Поророг Iconix Entertainment, SK Broadband, Ocon болон Channel One, Умард Солонгосын Кэсон дэх Samcholli компани хамтран бүтээсэн. 

Анх 2002 оноос хийж эхлээд 2003 оноос Өмнөд Солонгосын EBS сувгаар цацагджээ. Тэр цагаас хойш нийт 110 оронд эх хэлээр нь хөрвүүлэгдэн гарсан байна. Үндсэндээ бол 1990-ээд оны хүүхдүүд ч үзэхээр эрт үеийн хүүхэлдэй болж таарна. 

Хүүхэлдэйн кино Порон Порон ойд амьдардаг Пороро гэх оцон шувуу болон түүний найзуудын адал явдлын эргэн тойронд өрнөнө. Анги бүрт тэд тодорхой сорилттой таарч, үүнээсээ ямар нэг практик, ёс зүйн сургамж сурдаг. 

Солонгос хүүхдүүд Порород маш их хайртай, түүнийг Ерөнхийлөгч Пороро гэж нэрлэдэг.

Iconix энтертайментын ажилтан Чой, Сангхюн нарт өвлийн улиралд амьдарч байгаа амьтны дүр бүтээх ажил даатгажээ. Тэд даалгавраа биелүүлэхийн тулд музейд очиж амьтдын тухай судалж, бас хүүхдүүд амьтанд ямар их дуртай байдгийг олж мэдсэн байна. Дүр бүтээх даалгаврыг олон дизайнерт өгснөөс Чойгийнх ялж анхны Пороро болсон аж. 

Анхны Пороро цэнхэр, цагаан өнгөтэй, нисгэгчийн малгай, шилтэй оцон шувуу байсан бөгөөд хүүхэд багачуудын дунд богино хугацаанд алдаршсан. Iconix Entertainment-ийн бүтээлүүд ихэвчлэн 2-6 настай хүүхдүүдэд зориулсан бол Поророг 2-4 насны хүүхдүүдэд зориулжээ. 

Пороро бол адал явдалд дуртай, нисэхийг мөрөөддөг таван настай оцон шувуу бөгөөд цастай арал дээр зургаан найзын хамт амьдардаг. Зохиолчид хүүхэлдэйг хийхдээ ёс зүйн код, олон улсын үзэгчдэд эмзэг тусаж болохуйц түүхийн элементүүдэд онцгой анхаарсан. Тухайлбал, Пороро найзуудтайгаа уулзахдаа бөхөлзөх, эсвэл толгой дохих биш, харин гараараа далладаг нь зөвхөн Солонгосын ёсыг дагаагүйн илрэл. 

Поророгийн загварыг гаргахад Disney-н энэ жил 84 нас хүрч буй Мики Маус болон 40 жилийн өмнө хийгдсэн, Японы Hello Kitty нар нөлөөлсөн.

2003 онд Пороро Өмнөд Солонгосын Засгийн газраас хэд хэдэн шагнал хүртсэн. 2006 онд шилдэг дүрүүдээрээ Ерөнхийлөгчөөс, 2013 онд Бүтээлч брэндийн шагнал авч, 2014 онд Сөүлийн нийтийн тээврийн хэрэгслийн бэлгэдэл болсон аж. 

Поророг анх бүтээхдээ ангиудыг нь зөвхөн зугаацуулах зорилгоор хийсэн. Удалгүй эцэг, эхчүүд танин мэдэхүйн, сургамж өгөхүйц шинжтэй болгохыг Iconix Entertainment-ийн Чой Жун Илээс хүссэн. Продюсерүүд ч бас дүрүүд хоол иддэг, нийгэмд сайн хувь нэмэр оруулах талаар заадаг болох тухай маш их санал хүлээж авчээ. Улмаар шинэ ангиудыг илүү танин мэдэхүйн болгосноор хүүхдүүд Поророг дуурайж эхэлсэн байна. Тухайлбал, зам гарахдаа баруун гараа өргөж явах, хоол идэхдээ цамаархахгүй, амтархан идэх, гар, шүдээ угааж, ариун цэврээ сахих гэх мэт үйлдлээс нь үлгэр жишээ авдаг болжээ. 

Пороро хүүхэлдэйн киногоор 2003-2014 он хүртэл нийт таван улирал, бүрэн хэмжээний хоёр, богино хэмжээний нэг, телевизийн гурван тусгай дугаар гарсан байна.