ВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түймрийн уршгийг арилгах асуудлаар пүрэв гарагийн өглөө эрт Чита хотод зөвлөгөөн хийснийхээ дараа нисдэг тэргээр Владивостокт иржээ. ОХУ-ын төрийн тэргүүн тус хотод БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Унтай уулзсаныхаа дараа “Бүс ба зам” олон улсын форумд оролцохоор Бээжин хот руу ниснэ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Приморийн хязгаарт галт тэргээр хүрэлцэн ирсэн юм. Ким Жөн Уны хувьд тэрбээр 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын анхдугаар чуулганаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдсоныхоо дараа гадаад улсад анхны айлчлалаа хийж байна.

Умард Солонгосын удирдагчийн айлчлалыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар зохион байгуулж байгаа юм. Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сарын 24-нд Улаан-Үд хотод уулзаж байжээ. Тухайн үед ОХУ-ыг Дмитрий Медведев, харин БНАСАУ-ыг Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ир төлөөлж байв.

ОХУ, БНАСАУ-ын удирдагчид энэ удаад Аякс булангийн Русский арал дээр оршдог Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн орчин үеийн хотхонд хэлэлцээ хийж байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг