Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал Олон улсын ардчилсан холбооны хурал зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг хурлын үеэр хэд хэдэн баримт бичгүүдийг гаргахаар төлөвлөжээ. Ойролцоогоор 50-60 орны төлөөлөгчид оролцоно гэсэн тооцоолол байгаа аж.

АН-ын дэд дарга Р.Амаржаргал:

"1989 оны 12 дугаар сарын 10-нд анх удаа ардчилсан цуглаан зохион байгуулж байсан билээ. Энэ цагаас хойш 30 жилийн хугацаа өнгөрчээ. Түүнээс хойш зорьж тэмүүлж явсан зүйлс маань биелж ирсэн бас алдаа дутагдал, засаж залруулах зүйл ч байна. Тиймээс АН энэ оны 12 дугаар сарын 5-нд олон улсын хурал зохион байгуулахаар боллоо. Энэ хурлыг Олон улсын ардчилалын холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Эгнээндээ 80 гаруй улс төрийн намууд нэгдсэн холбоо юм. 

30 жилийн дараа эргээд харахад ардчиллын сөрөг талууд гарч ирж байна. Сонгуулийг бид шударга явуулж чадаж байна уу? Сонгуульд эрх мэдэл, мөнгө оролцдог уу? Монголын ардтүмний 40 хувийн саналыг авсан нам хаана юу хийж байна вэ? Дүрс эсгэсэн, хэлбэр төдий ардчиллыг ярих биш агуулгыг яримаар байна.  Гэхдээ чамлалтай зүйл их байна. Ардчилалд зохих хэмжээний аюул учраад байгаа. Тэр болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлэлцэх хэрэгтэй.

Энэ бүх асуудлыг бид зөвхөн тогоон дотроо биш олон улсын хурлаар хэлэлцэж зөвлөлдөнө" гэлээ.