Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, Баабар нар ардчиллын үнэт зүйлээ хамгаалахаар “Боловсрол төвтэй  улс төр” нэртэй ТББ байгуулснаа зарлалаа. Өчигдөр болсон нээлтийн үеэр Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр эргэлзээтэй олон асуудал байна. Жишээ нь шүүгчийн хариуцлагын зөвлөл гээд зүйл байгуулах юм билээ. Заалтыг уншихад тэр зөвлөлийнхөн мундаг эрх мэдэлтэй юм. Гэхдээ ямар хүмүүс шийдвэр гаргах вэ шалгуурыг нь харахад шүүн таслах ажлын туршлагатай хуульч гээд гурав байна гэж зааж. Яг ямар шалгуураар яаж тогтоож тэр их эрх мэдлийг өгөх гээд байгаа нь ерөөсөө тодорхойгүй. Тэр хууль зүйн эрдэмтэн байна гээд заачихсан нь бас л ойлгомжгүй. Хууль зүйн эрдэмтэн гэдэг нь доктор, магистр юм уу эсвэл академич юм уу бүү мэд. Дараа нь иргэдийн төлөөлөл гурав байна гэж заажээ. Бас л хэнийг, ямар шалгуураар сонгох нь бас л бүрхэг. 

Хаант Орос улсын Жанжин штабын дэргэд нэг орон тоо байсан гэдэг. Тэр нь албан ёсны мангуу. Жанжин штабаас гарсан тушаалыг цэргүүд уншихад маш ойлгомжтой бичих ёстой.  Мундаг офицерууд тушаалаа бичээд өнөө дуракаар эхлээд уншуулна. Хэрэв тэр дурак ойлгосон бол бусдад ойлгомжтой байх нь тодорхой. Энэ бол болоод өнгөрсөн явдал.

Тэгэхээр иргэдийн төлөөлөл гэж хэнийг хэлээд байгаа ямар шалгуураар сонгох нь тодорхой болох ёстой. Эдгээр есөн хүн шүүх засаглал бие даасан байх уу, мафи, олигархийн гар хөл болсон улс төрийн популистуудын тоглоом байх уу шийднэ. Хэрэв популистуудын занганд орж манай ахыг, дүүг албан тушаалд томилохгүй бол Засгийн газрыг чинь огцруулна гээд дайрчихвал хүслийг нь биелүүлэхээс аргагүй байдалд орно. Өнөө ардчилалын амин сүнс тулгуур нь хаашаа яах эсэх нь дэндүү ойлгомжгүй. Ийм зүйл хийчихээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батална гээд сууж байна.  

Дараагийн том асуудал бол УИХ бол дэргэдээ хянах шалгах хороо байгуулах тухай заалт юм. Үнэндээ өнөөгийн УИХ, Засгийн газар аль нь ч бай эрх мэдэл нь дутаагүй. Харин эрх нь илүүдээд үүргээ хүртэл эрх гэж давхар ойлгоод байгаад асуудал бий. Нийтийн ашиг сонирхолд хамааралтай гэдгийг хэн тогтоох юм. Энэ процесс нь явагдсаар сүүлдээ хүмүүсийг хорьж шалгаж, яллах уу. Хууль тогтоогч УИХ сүүлдээ бүр яллагч байгууллага болох юм уу. Ийм л өөрчлөлтийг үндсэн хуульд оруулах гэж байна. 

Татвар төлөгчдийн мөнгөөр намыг санхүүжүүлнэ гэсэн заалт хүртэл бий. Би эдийн засгийн чиглэлээр ганц хоёр юм уншсан хүн л дээ. Энэ юу гэсэн үг вэ, татвар төлөгчийн мөнгөөр хэдэн дуракуудыг санхүүжүүлэх хэрэг үү?. Санхүүжүүлээд байгаа мөнгө нь багадаад байгаа хэрэг үү? Дэндүү олон дуракууд байна.

Тэгш байдлыг, тогтвортой байдлыг хангана гэсэн заалт бий. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд тэр тодорхойлолт байхгүй. Тогтвортой хөгжил гэдгийг эрдэмтэн судлаачид янз бүрээр л тодорхойлсон. Түүнээс биш албан ёсны баримт бичиг дээр тодорхойлолт байхгүй. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал гэдэг хүртэл ямар ч тодорхойлолт гаргаагүй. Хэн үүнийг тодорхойлох юм эсвэл хэний бичсэн томъёололоор үүнийг наах гээд байгаа юм бол. Эцсийн дүндээ энэ бүхний цаана ердөө л таалагдахгүй бол өөрийнх болгоно, төрийн мэдэлд авчихна гэсэн далд санаархал байна. Гол суурь нь болж байгаа өмчийн эрх гэдгийг ичгүүр сонжуургүйгээр уландаа гишгэлэх нь. Одоо ч гишгэлж л байгаа л даа. Түүнийгээ бүр албан ёсоор баталгаажуулах тогтолцоо руу явах нь. Ийм л үндсэн хууль батлах нь.


Ард түмэнд мэдээлэл алга, тэглээ ч ингэж нарийн юмыг асууж тайлбарлахгүй. Дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу гэж асууна. Сая хөдөөгүүр явахад иргэдийн 70-80 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Үнэндээ тэр 70-80 хувьд мэдээлэл алга, ойлгохгүй байна. Магадгүй эрх баригч нам олонхоороо түрий бариад баталчих биз. Үүнд эргэлзээд байх юм алга. Харин дараа нь засаж өөрчлөх гэж ямар их юм болох бол доо, хэчнээн их цаг хугацаа алдах бол…

ОХУ-д ардчилалыг туйлшруулж дарга нарыг нийт ард түмнээсээ сонгодог болгосон гашуун туршлага бий. Юу болсныг бидний үеийнхэн мэднэ. Үүнээс болж хамаг бие нь шивээстэй нөхөд дарга нар болсон юм. В.Путин гарч ирээд тэднээсээ салах гэж яаж зовлоо, одоо ч балаг нь дуусаагүй. Саяхан болсон явдал шүү дээ. Иймэрхүү зүйлийг бид мэдэх ёстой, юмаа гадарлаж байгаа хүмүүсийн дуу хоолойг хүргэмээр байна.