Ирээдүйн 10 жилд гэр цэвэрлэх, хүүхэд асрах, хүнс цуглуулах зэрэг гэр ахуйн ажлын 40 гаруй хувийг роботууд хийдэг болно гэдгийг судлаачид онцолж байна.

Английн Оксфордын Их Сургууль, Японы Оканимизу Их Сургуулийн хамтарсан судалгааны баг нийт 65 хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдээс роботуудыг гэрийн ажилд хэрхэн туслуулж болохыг асуужээ. 

Судалгааны үр дүнгээс үзэхэд 2033 он гэхэд гэрийн ажил, тэр дундаа дэлгүүр явах, хүнс цуглуулах ажлын 40 гаруй хувийг роботууд хүмүүсийн өмнөөс гүйцэтгэх гэнэ. 

Одоогоор автомат тоос сорогчийг гэр ахуйн ажилд хамгийн өргөн ашигладаг бол ирээдүйд гэр цэвэрлэх, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг давтуулах, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, ахмад настнаа асрах, дэлгүүр явж хүнс цуглуулах зэрэг ажлууд автоматжих аж. 

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр роботууд хүмүүсийн ажлыг булаана гэсэн айдас олны дунд түгээмэл байдаг. Гэвч энэхүү асуудлыг өөр өнцгөөс харж буйгаа судлаачид илэрхийлсэн байна.

Оксфордын Их Сургуулийн дэд профессор, судалгааны багийн гишүүн Екатерина Хертог “Автомат удирдлагатай, жолоочгүй машинууд таксины жолоочдыг орлоно гэсэн яриа даруй 10 жилийн турш яригдаж байна. Гэвч хүн төрөлхтөн одоо ч бүрэн автомат жолоодлоготой машиныг хэрэглээнд нэвтрүүлж чадаагүй байгаа. Үүнтэй ижил роботууд гэрийн ажил хийхэд тусалж, эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх үүрэгтэй. Харин тэднийг орлож, гэрийн ажлыг дангаараа хийх боломжгүй юм” гэжээ. 

Англид хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад хоёр дахин илүү цагийг гэрийн ажилд зарцуулдаг гэсэн статистик бий. Энэхүү тэнцвэргүй байдал нь эмэгтэйчүүдийн ажил, карьер, орлого, нийгмийн статуст сөргөөр нөлөөлж, жендэрийн тэгш бус байдлыг бий болгодог. Харин роботуудыг гэрийн ажилд хэдий чинээ ашиглаж чадна төдий чинээ эмэгтэйчүүд өндөр бүтээмжтэй ажилд цаг зарцуулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC