Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн тухай хэлэлцэв.

Хуралдааны эхэнд тус албан даалгаврын хэрэгжилтийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа. 

Тэрбээр “Албан даалгаврын хүрээнд 17 бүлэг асуудлаар Нийслэлийн есөн дүүрэг, 12 агентлаг, харьяа газруудад үүрэг даалгавар өгсөн. Хэрэгжилтийг хангуулахаар газар дээр нь ажиллаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллага, албан тушаалтад стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Есдүгээр сарын 1-25-ны өдөр хүртэл гүйцэтгэлийг шалгасан. Албан даалгаврын биелэлт 72 хувьтай байна. 

Иргэдийн орчны ая тухтай байдлыг хангах талаар /газар чөлөөлөлт, барилгын аюулгүй байдлыг бүрэн хангуулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажил, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага орчмын тохижилт зэрэг/ хэрэгжүүлэх арга хэмжээ нь тодорхой хугацаа, төсөв шаардлагатай байна” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хот стандарт, хэм хэмжээгүй явснаас болоод өнөөдөр барилга байгууламж болон өөр олон чиглэлийн асуудал орхигдсон. Улаанбаатар хот 2020 онд стандарттай байх чиглэлээ тодорхойлсон хот байх ёстой. 

Холбогдох байгууллагууд шат шатандаа хотын стандартыг мөрдүүлэх ажилд онцгой анхаарч ажиллах, харьяа газар, агентлагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай нягт холбоотой ажилла” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажилд нэмэлт саналаа хэлж, цаашид шат шатандаа хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ажиллахаар болов.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс