БНХАУ-аас авчран иргэдээ дархлаажуулж буй коронавирусийн эсрэг вакцины талаар зарим иргэн "сөрөг" мэдээллийг цахимд нийтлээд буй. Тодруулбал, "сүүлд ирсэн вакциныг манай улс бүртгэж аваагүй, гарал үүсэл нь тодорхойгүй ч иргэддээ хийж байна" хэмээсэн. Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийжээ.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийг цар тахлын эсрэг 4 төрлийн вакцинаар вакцинжуулж байна. Иргэдийн дунд нэршилтэй холбоотой эргэлзээтэй асуудал байгаа болохоор тайлбар хийе. 

Бид БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP CorV буюу Вероцелл вакциныг бүртгэн авч, ард иргэдээ вакцинжуулж байна. Тус үйлдвэрийн WIBP вакцинаас нэг ч тунг импортлоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. 

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP CorV буюу бидний импортлосон Вероцелл вакциныг ДЭМБ-аар тун удахгүй хүлээн зөвшөөрч, бүртгэн авах мэдээлэлтэй байна.

Иргэд та бүхэн мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг гол арга хэмжээний нэг болох вакцинжуулалтад идэвхитэй хамрагдахыг уриалж байна" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.