Ерөнхийлөгчийн сонгууль үндсэндээ хаяанд ирлээ. Санал хураалт 6 дугаар сарын 09-нд явагдана. Яг одоо бол аль нам хэнийгээ сойх вэ гэдэг уралдаан, маргаан, талцал, таамаг эд өрнөж байна.

МАН, АН, Зөв хүн электорат эвслүүд хүнээ дэвшүүлэх эрхтэй. МАХН-д эрх байсан ч МАН-тай нэгдсэнээр энэ эрхээ үгүй хийж, суудал авсан ганц гишүүн С.Ганбаатар нь өнөөдөр намын гишүүнээсээ татгалзлаа. МАН-аас У.Хүрэлсүх дэвших нь тодорхой. Харин АН-ыг таашгүй, одоогоор тус нам дотроо учраа олж амжаагүй байна. Гэхдээ намын гишүүн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар нэр дэвшинэ гэдгээ зарласан. 


Тэгвэл Зөв хүн электорат эвслээс хэн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ?

Тус эвсэл “Ерөнхийлөгчөө захиалъя” бүх нийтийн санал асуулгыг өрнүүлээд дууссан. Иргэд 140 орчим хүнийг санал болгосон гэдэг ч эцсийн дүнг зарлаагүй. Нэр дэвшигчийг зарлах хуулийн хугацаанд тодорхой болно.

Харин хэн байх бол, ер нь хэн хэн иргэдээс өндөр санал авсан байх магадлалтай вэ.

Нам, эвсэл, хүйс харгалзахгүйгээр иргэд Ерөнхийлөгч болгох хүнээ нэрлэсэн учир мэдээж эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийг нэрлэсэн байх. Гэхдээ тэр намаасаа нэр дэвшинэ.

АН-ын дарга гэгдэх С.Эрдэнэ байх магадлалтай. Өнгөрсөн сонгуульд намаа ялагдуулсан ч том сөрөг хүчний дарга байсан тэрээр фэн олонтой. Бас АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжинг санал болгосон болов уу. Байнга биш ч нийгэмд өрнөсөн гол асуудлууд дээр дуугардаг түүнийг дэмжигч олон.

Мөн МАХН-аас УИХ-д сонгогдсон С.Ганбаатарыг нэрлэсэн нь тодорхой. Харин хэр олон хүн түүнийг гэснийг таашгүй.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан гурван хүн бол Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг. Тэднийг ч Зөв хүн электорат эвслээс нэр дэвшүүлж магадгүй гэж таамаглаж, дэмжиж буй хүн цөөнгүй бий. Цахимд ч нэлээд бичигдсэн. Тиймээс тэдний нэр орсон нь тодорхой.

Дээрх хүмүүсээс гадна нийтлэлч Баабар, Датакомын Д.Энхбат, эмч Б.Болдсайхан, Дефакто Д.Жаргалсайхан нар байх магадлал өндөр. Тус бүртээ өөрийн гэсэн амбиц, хүрээлэлтэй тэд Зөв хүн электорат эвслийн гишүүд. Хэрэв иргэд тэдний нэрийг санал болгосон бол /ер нь санал болгосон нь тодорхой/ нам, эвслийнх нь улс төрийн бодлого, зорилгыг мэддэг тэдэнтэй хэлэлцээ хийж, нэр дэвшүүлэх нь Зөв хүн электорат эвсэлд арай амар, бас үр дүнтэй байх болов уу гэж таамаглаж байна. 

Өөрөөр хэлбэл, Баабар, Д.Энхбат, Б.Болдсайхан, Д.Жаргалсайхан нар Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөр.

Тэдэн дээр Ц.Оюунгэрэл нэмэгдэж болзошгүй. Учир нь тэрээр боломж байвал ХҮН-аас ч нэр дэвшсэн яахав гэсэн утгатай яриаг нэг биш удаа өгсөн байдаг.