Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага, албан хаагчидтай өнөөдөр уулзлаа. 

Энэ үеэр сайд Д.Сумъяабазар "Төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой. Лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүй. Нэр нь унаад буй уул уурхайн салбараа өөд нь татахын төлөө сэтгэл гарган ажиллах хэрэгтэй" гэдгийг онцлон анхаарууллаа. Мөн тэрээр эмх замбараагүй байгаа лиценз олголтын асуудлыг цэгцлэх шаардлагатай байгааг онцлоод “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулах чиглэл бүхий албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод өглөө.

Тус албан бичигт:

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм, журам, заавруудыг цэгцлэх шаардлага тулгарсан. Иймд Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар Сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болгож байна"

гэжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын чиглэл өгөх тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.