УИХ-ын гишүүн О.Баасанхүү ТЕГ-аас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. 

Тус асуулгад "Нэг. Тагнуулын ерөнхий газраас албан ёсны хэвлэлийн хурал хийж Ц.Нямдорж сайдыг БНХАУ-ын тагнуул мөн эсэх талаар хяналт шалгалт явуулсан хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргах бүрэн боломжтой болсон талаар мэдэгдсэн. Мэргэжлийн байгууллагын зүгээс албан ёсны мэдэгдэл олон нийтэд гарсан тул уг асуудлыг нууцын зэрэглэлээс гаргаж, хууль тогтоох дээд байгууллага болон иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх шаардлагатай байна.

Хоёр. Тухайн хэвлэлийн хурлын үеэр Ц.Нямдорж сайд нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д хийсэн 42.0 сая ам.долларын шахааны бизнест холбогдсон талаар дурджээ. Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд би "Эрдэнэ үйлдвэр" ХХК-тай холбоотой шахааны бизнесийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй шууд болон шууд бусаар оролцсон аливаа этгээд нь танай танхимд хэрэв байгаа тохиолдолд ёс зүйгүй хэмээн үзэж байна.

Иймд дээрх хоёр асуулгын дагуу хуулийн хугацаанд хариуг бичгээр ирүүлж, ирэх сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЦЕГ, ТЕГ, Улсын прокурор, АТГ-аас холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан сонсгохыг хүсье" гэжээ.

Ерөнхий сайдад хүргүүлсэн Асуулга тавих тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.