Сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орлоо

Х.Оргил
12 сарын 08, 2020

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлж өнөөдөр ашиглалтад оруулж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Д.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөл оролцсон юм.

Ерөнхий сайд бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилгачид, инженер техникийн ажилчид, Тавантолгой түлш компани, Зүүн бүсийн үйлдвэрийн нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр, “Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа.  2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв.  Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэнч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан. Утаа агаарын бохирдлын улмаас жил бүр шууд болон дам нөлөөгөөр 0-3 насны  400-450 хүүхэд, 2-2,5 мянган хүн эрсдэж байсан нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл 20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй байсан.

Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа, болж байна. 2020 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж,  6 сарын өмнө энэ талбай дээр хоосон байхад нь ирж байсан бол өнөөдөр сайхан үйлдвэр боссон байна баяртай байна. Цар тахал гарч, хорио цээр тогтоосон хүнд цаг үед энэ үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улс нийслэлийнхээ баруун, зүүн бүсэд хоёр үйлдвэртэй боллоо. Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Үүний үр дүнд олон хүний амь насыг аврагдаж,  эрүүл мэнд хамгаалагдах нь гарцаагүй. Утаанбаатар байсан нийслэлээ Улаанбаатар болгож буй нь үйлдвэрийн ажилчид та бүхний хүчин чармайлт, бүтээн байгуулалтын үр дүн.  Баруун, зүүн бүсийн үйлдвэрүүдийг барьж, байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нийт ажилтан албан хаагч та бүхэн болон  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамт олонд  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв. "Эрдэнэс-Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулж, үйл ажиллагаанд шаардагдах 260 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгоод байна.

Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2-р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий найман шугамаар цагт 90 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Дээрх шугамууд нь БНСУ -ын Jeil machinery Co.,LTD компанид үйлдвэрлэгдсэн, дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших процесс нь газар доорх байршдаг учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Үйлдвэрийн цахилгаан хангамж нь Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ /киловольт/ -ын дэд станц бөгөөд 10/0.4 дэд станцууд болох 6 ширхэг ХТП үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна. Мөн үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сэлгэн залгах 10кВ -ын шугам Уурхайчин фильтрээс салбарлан үйлдвэрийн дэд станцтай холбогдсон.Үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татах, суурилуулах, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбох ажил бүрэн хийгдэж дууслаа. Үүний хажуугаар, 24 цагийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор камержуулалт, дохиожуулалтын ажил хийгдэж байна.

Зүүн бүсийн үйлдвэрийн онцлог нь түүхий эдээ Тавантолгойгоос төмөр замаар тээвэрлэн авчрах боломж бүрдсэн төдийгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэх юм. Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 1056 хүнийг ажлын байраар хангана.

Холбоотой сэдвүүд

түлш этт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.