Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө. Энэ үеэр шар хайстай холбоотой асуудлыг хөндөн ярилцлаа. Энэ асуудал дээр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох этгээд болон хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгалаа. 

Тэрбээр, 

“Шар хайсны асуудал улс орон даяар асуудал болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Чанаргүй, шаардлага хангахгүй асар үнэтэй хайс, хашлага худалдан авсан. Гүйцэтгэл байхгүй ийм ажил хийсэн. Үүнээс болж хохирсон иргэдийн автомашины эвдрэл гэмтэл болон, нийслэлд учирсан хохирлыг хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө хариуцна. Төлбөр тооцоог нь төлнө. Олон автомашин эвдэрч хэмхэрсэн мэдээлэл ирээд байна. Хохирлынх нь дагуу үнэлгээ акт гаргаж тендерийн үйл ажиллагаанд оролцсон, худалдаж авсан, зохион байгуулсан, гүйцэтгэсэн нөхөд бүгдээрээ хариуцаж төлбөрийг барагдуул.

7-8 иргэний автомашин эвдэрч, нэг иргэн гараа даруулсан мэдээлэл байна. Энэ бол нийслэлийн ажил ямар явж ирсэн, ямар хэмжээнд байгаагийн үггүй илэрхийлэл. Ажлын байранд, өрөөнд бидний ажил ихэнх тохиолдол ийм байна. Ямар ч тохиолдолд худалдан авсан зүйл нь иргэдэд хохирол учруулах ёсгүй. Үүнийг худалдан авсан, гүйцэтгэлд хяналт тавиагүй хэлтсийнхэнд хариуцлага тооц, Н.Гантөмөр дарга аа. Та ажил хийгээд гүйгээд байдаг ч таны удирлагад ажилладаг хүмүүс ажил хийж байгаа юм алга. Арга хэмжээг нь авч, дараа дараагийн ажилд хариуцах эзэнтэй болгоход анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ.