Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр захирамж гаргаж, Сүхбаатарын талбайн газар эзэмшигчийн газар эзэмших гэрээг цуцаллаа.

Сүхбааатарын талбайн газрыг 2006 оноос эзэмшиж эхэлсэн "UB констракшин" компани усан оргилуур, нийтийн бие засах газар зэрэг бүтээн байгуулалтууд хийх зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулжээ. Эдгээрийг 2 жилийн дотор хийх хуулийн хугацаатай ч өнөөдрийг хүртэлх хугацаанд автомашины зогсоол зэрэг өөр зүйлүүд хийсэн учир Хотын дарга захирамж гарган цуцалж буй аж. 

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан "Сүхбаатарын талбайн 2.6 га газрыг эзэмшүүлэх захирамж 2016 онд гарсан байна. Газар доорх байгууламжтай усан оргилуурын үйл ажиллагаа явуулна гэсний дагуу төсөл сонгон шалгаруулж, тус газрыг эзэмшүүлсэн байна. Гэвч өнөөдөр төслийн сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байдаггүй. 2016 онд энэ талбайг шинэчилнэ гээд машины зогсоол хийсэн байдаг. Энэ зогсоолын ашгийн 30 хувийг Улаанбаатар хотыг Захиргаанд олгоно. Хэрвээ ашиг олохгүй бол ямар ч мөнгө өгөхгүй гэсэн заалттай гэрээ хийсэн байна. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг ирүүлээгүй. Тиймээс өнөөдрөөс Сүхбаатарын газрын эрхийг цуцалж байна. Мөн энэ талбайг 2017 онд 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьсан байна.

Нийтийн бие засах газар байгуулъя гэхээр газар олгодоггүй. Баяр ёслолын үеэр энэ хавиар хэдэн мянган хүн цугладаг. Гэвч нээлттэй бие засах газар байдаггүй. Энэ асуудлуудыг шийдэх шаардлагатай байна. Тэгэхээр газраа чөлөөлж авч, Сүхбаатарын талбай дахь машины зогсоолыг буулгана. Улаанбаатарын хөрөнгөөр усан оргилуур барина" хэмээлээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.