Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. 

Хотын дарга хэлэхдээ "Сэтгүүлчид та бүхнийг улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж, ёс зүйтэй, хүнлэг, олон ургальч үзэл, ил тод байдал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэнлэг, эх оронч сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө   нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллээ чиглүүлдэгт иргэний хувьд талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон" барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж,  ирэх жил гэхэд  Улаанбаатар хотод  сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудад  Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл гардууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.