Улаанбаатарт өнөөдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг 2 дахин эрчимжүүлнэ гэж мэдээлж байсан ч өчигдөр гэнэт 15 хоног вакцинжуулалтыг зогсоохоор шийдвэрлэсэн.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан "Хатуу хөл хориог халдварын тархалтыг бууруулж, үр дүнтэй байлгахын тулд Эрүүл мэндийн яамнаас зөвлөсний дагуу вакцинжуулалтыг зогсоосон. Вакцины нөөц бол байгаа. Энэ сарын 25-наас вакцинжуулалтыг эрчимжүүлнэ.

Гэхдээ энэ сарын 09, 12-нд манай улсад ирэх байсан нийт 600.000 тун вакцины татан авалт хойшилсон" гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цар тахлын улмаас дэлхий даяар вакцины эрэлт их, үйлдвэрлэл хүрэлцэхгүй байгаа учир вакцины татан авалт хойшилсон. Энэ нь биднээс шалтгаалаагүй.

Вакцины тээвэрлэлт хойшлогдож буй учир бид Элчин сайдаараа дамжуулан БНХАУ-ын Синофармын вакцины албан ёсны мэдээллүүдийг БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлт, зохицуулалтын төвөөс авсан. Улмаар Синофарм компанийн үйлдвэрлэсэн Вироселл вакцины давтан тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлалын тогтоц дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэдгийг албан ёсоор бидэнд мэдэгдсэн.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ЭМЯ, ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөлөөс хатуу хөл хорио тогтоох саналыг 4 удаа Засгийн газар, УОК-т хүргүүлсэн. Тохиолдлын тоо нэмэгдэн өдөрт 500-гаас олон болж байна. Үүнийг дагаад хүндэвтэр өвчний тоо, нас баралт ихсэж эмнэлгүүдэд ачаалал нэмэгдэж байна. Гуравдугаар сарын 25-наас нас баралтын тоо огцом өсөж, 15 хүн нас барсан. 

ЭМЯ бол цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах гол үүрэгтэй. Тиймээс гамшгийг эрсдэл багатай даван туулахын тулд хөл хорио тогтоох санал гаргасан" хэмээлээ.