Бараг хүн бүр стафилакокк гэх нэрийг хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт сонсож байсан байх. Энэ нь 30 гаруй төрлийн нянг нэгтгэсэн нэр бөгөөд эдгээрээс алтлаг стафилакокк/Staphylococcus aureus төрөл нь халдварын дийлэнх шалтгаан болдог. Ер нь бол алтлаг стафилакокк нь нийт хүн амын 30-50%-д арьс болон хамарт ямар нэг өвчин үүсгэхгүй, бие махбодийн хэвийн ашигтай нянгуудтай хамт оршин байдаг. Харин энэ нян арьсны шарх, цус, уушги зэрэг эрхтэнд орсноор эрүүл мэнд төдийгүй амь насанд ч аюултай халдвар үүснэ. Ийм халдварыг анагаах ухаан пенициллин, ампициллин, метициллин, оксациллин, цефазолин зэрэг антибиотикуудаар амжилттай эмчилж байна.

Тэгвэл MRSA гэдэг нь Methicillin-resistant Staphylococcus aureus гэдэг англи нэр томъёоны товчлол бөгөөд Монголоор Метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк (МТАС) гэнэ. Өөрөөр хэлбэл алтлаг стафилакокк нь дээрх антибиотикуудад тэсвэртэй болсон гэсэн үг.

МТАС халдварыг эмнэлгээс авсан, эмнэлгээс гадуур авсан гэж 2 ангилна. Сүүлийн жилүүдэд энэхүү халдвар Монгол улсад төдийгүй дэлхийд газар авч буй нь аюулын харанга дэлдэж байна. Зинт клиникээр л гэхэд өдөртөө ийм халдвартай 10 орчим хүүхэд ирж байна.
Шинж тэмдэг нь арьс, зөөлөн эдийн хатиг, буглаа, идээт цэврүүгээр илэрнэ.

Халдварлах зам: Арьс-арьсаар шүргэлцэх,
Эрсдэлт хүчин зүйл: эмнэлэгт байнга/удаан хугацаагаар хэвтэх, нэг дор олуулаа/шигүү амьдрах, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд амьдрах
Хүндрэл: МТАС нь дийлэнх антибиотикт тэсвэртэй тул эмчлэхэд их бэрхшээлтэй, иймд үжил, уушгины хатгалгаа, зүрх, яс, үений идээт үрэвслээр хүндрэх эрсдэлтэй.

Урьдчилан сэргийлэлт:
1. Иргэд: гараа байнга бүлээн усаар савандаж угаах, арьсны шархыг цэвэр боолттой байлгах, хувийн эд зүйлсээ бусадтай хуваалцахгүй байх, хөлөрсөн бол заавал усанд орж биеэ савандаж угаах
2. Эмч, сувилагчид: үзлэг, шинжилгээ, ажилбарын өмнө гараа байнга савандаж угаах, эсвэл зориулалтын гар ариутгагчаар ариутгаж хэвших, МТАС халдвартай өвчтөнүүдийг тусад нь палатанд тусгаарлаж эмчлэх, тэдэнд хэрэглэсэн эмнэлгийн багаж хэрэгсэлийг сайтар ариутгаж халдваргүйжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ дунд МТАС тээгчдийг нян судлалын шинжилгээгээр илрүүлж эрүүлжүүлэх, энэхүү халдварын эмчилгээ, сэргийлэлтээр олон улсад мөрдөгдөж буй стандарт удирдамжуудыг хэрэгжүүлэх

Өнөөдрийн байдлаар МТАС халдварын эмчилгээнд уудаг антибиотикуудаас Триметоприм - сульфаметоксазол буюу худалдааны нэршил нь Бактрим, Бисептол, Септрин; Клиндамицин, Тетрациклин, Доксациклин зэргийг хэрэглэж байна.
Харин эритромицин, ципрофлоксацин үр дүнгүй болохыг анхаараарай.