Амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн том хүү Салах Хашогги гэр бүлийн хамтаар Саудын Арабаас АНУ-д ирсэн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

Хоёр улсын буюу Саудын Араб, АНУ-ын иргэншилтэй С.Хашогги нь аавынхаа шүүмжлэлийн улмаас Саудын Арабын хилийг давах эрхгүй байсан бөгөөд мягмар гарагт тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман түүнтэй уулзаж, эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын эрх баригчидтай уулзах үеэрээ Ж.Хашоггийн хүүг Америкт ирэхийг нь зөвшөөрвөл талархах болно гэж хэлсэн аж.

Сэтгүүлч Ж.Хашогги нь гурван долоо хоногийн өмнө Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан бөгөөд энэ хэрэгт сэжиглэж буй хэсэг бүлэг хүмүүсийн дунд хунтайж М.Салманы ойрын танилууд багтаж байгаа ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, www.bbc.com