ЦЕГазрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХНамаас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай

  • Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юу Ван Сү,
  • Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо,
  • Хөдөлмөрийн Үндэсний Нам,
  • Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг,
  • иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1485 дугаартай шийтгэвэр гаргаж, уг шийтгэвэрийг эс зөвшөөрч С.Ганбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан Нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1485 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд уг зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр уг зөрчлийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг гэрч оролцуулах тухай зөрчилд холбогдогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нэг удаа хойшлуулсан.

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр 14 хоногийн хугацаагаар завсарлуулсан болно. Шүүх хурал 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт үргэлжилнэ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах алба