Т.Сосорбарам: Шинэ хууль хэрэгжсэнээр хүнд тааруулж албан тушаалын тодорхойлолт боловсруулах асуудал зогсоно

Х.Оргил
01 сарын 03, 2019

Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль энэ оноос эхлэн хэрэгжиж эхэллээ. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийгэмд асуулт үүсгэн хүлээгдээд буй. Уг асуудлаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарамаас тодруулга авлаа.

-Төрийн албанд орох үүд хаалга нь сонгон шалгаруулалт. Энэхүү сонгон шалгаруулалт шударга, ил тод, олон түмэнд нээлттэй байж гэмээнэ зөв хүн төрийн албанд ажиллах эхлэл болох болов уу. Тиймээс шинэ хуулинд сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулахын тулд ямар өөрчлөлт тусгасан бэ?

- Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт,  маргаан хянан шийдвэрлэх, шалган зааварчлах, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах гэх мэт хуулиар олгогдсон олон чиг үүрэг, бүрэн эрх байдаг. Үүнээс сонгон шалгаруулалттай холбоотой асуудал иргэд, олон нийтийн анхаарлыг нэлээд татдаг. Хэдийгээр Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хүний хүчин зүйлээс ангид зохион байгуулдаг боловч, олон нийтээс төрийн албанд огт ажиллаж байгаагүй, туршлагагүй, улс төрд ажиллаж байсан хүнд тааруулсан сонгон шалгаруулалт явууллаа гэсэн шүүмжлэл, хардлага сэрдлэг багагүй гардаг. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно гэж заасан боловч, энэхүү тусгай шаардлагыг  Улсын Их Хурлаас тогтоосон шийдвэр гараагүй өдий хүрсэн нь төрийн удирдах албан тушаалд мерит бус зарчмаар томилогдох, ижил түвшний удирдах албан тушаалд тавигдах шаардлагууд эрс зөрүүтэй байгаа юм. Томилох эрх бүхий этгээд тухайн ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа баримтлах тусгай шаардлага байхгүй учир, янз бүрээр буюу тухайн хүндээ тааруулж батлах боломж бүрдээд байгаа юм. 

Энэ асуудлыг шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар хааж өгсөн. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн буюу яамны газрын даргын албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэсэн шалгуурын давж байж томилогдоно. 

Албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн баталсан журмын дагуу боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн томилох эрх бүхий этгээд батална. Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглосон.

Мөн төрийн жинхэнэ албаны шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ гэсэн хоёр төрөлтэй болсон. Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдээс авах бөгөөдтөрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц бүрдүүлэх зорилготой бол тусгай шалгалт нь зөвхөн тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх зорилготой, төрийн жинхэнэ албан хаагчид буюу нөөцөд бүртгэгдсэн иргэдээс авах юм.


-Удирдах албан тушаалд томилохын тулд яам, агентлагийн дарга удирдлагууд хэн нэгэнд тааруулсан ажлын байрны тодорхойлолт боловсруулан сонгон шалгаруулалтад оруулах бусармаг явдал зогсоно гэж ойлголоо.   Дарга удирдлагын үзэмж, нам хүчний захиалгаар халаа сэлгээ хийхгүй байхаар хуульчилсан уу?

-Хүнд тааруулсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах асуудал зогсоно, хэрэв хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны зөвлөл эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

Төрийн жинхэнэ албан хаагчийг халах, чөлөөлөх асуудал гагцхүү Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэх учиртай, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан бол томилох эрх бүхий этгээдэд сахилгын хариуцлага хүлээлгэхээс гадна, төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх талаар хуульчилж өгсөн.

-Төрийн албаны зөвлөл чухам ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг талаар хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байна. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэж байгаа. Яг ямар шинэчлэл хийгдэж байгаа вэ?

-Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба нь дарга, ахлах референт, референт, шинжээч, нягтлан бодогч, бичиг хэрэг, архивын эрхлэгч, даргын туслах, гэсэн 14 хүнтэй. 

Энэ 14 хүн л Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд нэг хүн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэл дэх төрийн албан хаагчтай холбоотой гомдол маргаан, нэг хүн төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн систем, шалгалтын системийг хариуцах жишээтэй ажиллаж байна. 

Шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар бүх гомдол маргааныг Төрийн албаны зөвлөл шийдэхээр, төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх гэх зэрэг нэлээн эрх, үүрэг нэмэгдэхээр туссан. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоо ямар байх тухай судалгааг НҮБ-ийн төслийн хүрээнд хийгдээд явж байгаа.

-Төрийн албыг “муухай” харагдуулдаг, нийтэд эргэлзээ төрүүлдэг бас нэг хүчин зүйл нь түр орлон гүйцэтгэгч нар. Төрийн алба түр орлон гүйцэтгэгчгүйгээр ажиллах боломж байдаггүй юм уу?

-Маш товчхон хэлэхэд, Түр орлон гүйцэтгэгч байж болно, гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу байх ёстой. Шинэчилсэн хуулиар түр орлон гүйцэтгэгчийг тухайн сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөх хүртэлх хугацаанд тухайн байгууллагад ажилладаг, чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай төрийн жинхэнэ албан хаагчаар гүйцэтгүүлнэ гэж зааж өгсөн.

Холбоотой сэдвүүд

албанхаагчид төрийналба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.