Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон шалтгааныг тайлбарлалаа. Уг хуулийг ийнхүү тайлбарлах болсон нь түүнийг нэг төгсөлтийн найз МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяаг хэргээс мултлахын тулд зориуд уг өөрчлөлтийг хийсэн гэх яриатай холбоотой юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Намайг МХЕГ-ын албан тушаалтнуудыг хэргээс мултлахын тулд хууль өөрчилсөн юм шиг тайлбар явлаа. Хоёр ч хоног ажиглалаа. Зохион байгуулалттайгаар над руу гүтгэж давшиж буй үйлдэл гэж үзэж байна" гэлээ.

Түүний тайлбарыг хүргэж байна.

Эрүүдэн шүүдэг, удаан хугацаагаар хорьж байцаадаг арга барилаас салгахын тулд хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор энэ саналыг гаргаж өөрчлөхөд хүрсэн. Хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй тохиолдолд тухай хэргийн мөрдөх хугацаа үргэлжилж тоологдоод явдаг. Гэхдээ хүн амины онц ноцтой хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Хүмүүс мэдэхгүйгээсээ болж янз бүрээр тайлбарлаад  байна. Энхбаяр сайд хууль зүйн хувьд ямар мэдлэгтэй болчихоод байгааг би ойлгохгүй байна. Хаа хамаагүй зүйлийг С.Зоригийн хэрэгтэй холбож тайлбарласныг гайхсан.  Уг нь энэ бол гадны олон улс оронд хэрэгжиж байгаа зүйл шүү дээ. МХЕГ-ын албан тушаалтнуудтай намайг холбон элдвээр хэлж байна. Тэдний нэг Б.Аззаяа надтай нэг төгсөлтийнх гэдэг нь үнэн. Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэгт холбож ард нь Раднаасэд байгаа гэж гүтгэх үү. МХГ-ын 2000 байцаагчийн хэрэг болгоны ард Раднаасэд байна гэвэл үүн шиг том гүтгэлэг байхгүй. Намайг харлуулж гүтгэх ажлыг манай намаас нөгөө намаас ч хийж болсон. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх талаар ярьж байна. УИХ-д энэ эрх нь бий.