2003 онд Элизабет Холмс дэлхийг өөрчлөх ёстой Тераносыг үүсгэн байгуулжээ. Бизнесийн анхдагч нь бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн оношийг зөвхөн нэг дусал цусан дээр суурилсан технологийг ашиглан гаргах болно гэж амласан юм. Хувьсгалт санаагаа хэрэгжүүлэх төсөлд тэрбум, тэрбум долларыг хандивлагч хөрөнгө оруулагчдаас татав. Гэвч хэсэг хугацааны дараа Теранос дампуурч, Холмс “Цахиурын хөндий”-н хамгийн том залилагч гэдгээрээ алдартай болжээ.

Бид Элизабет Холмсийн түүхийг сонирхож, энэ ер бусын эмэгтэйн талаар илүү ихийг олж мэдэхээр шийдсэн юм.

Тэрээр 1984 онд жирийн төрийн албан хаагчдын гэр бүлд төрсөн. Хүмүүс бяцхан Эллигээс өсч том болоод ямар хүн болохыг асуухад, тэр "тэрбумтан" гэж хариулдаг байжээ. Түүний мөрөөдөл биелэлээ олоход тэр зөвхөн 20 настай байсан юм.

Станфордын их сургуулийн химийн инженерийн тэнхимд суралцаж байхдаа Элизабет биотехнологийг сонирхож эхэлсэн байна. Дадлага хийж байх үедээ, онош тогтоохын тулд дээжний шинжилгээнд зарцуулдаг цаг хугацаа нь түүнийг гайхшруулжээ. Тэрбээр ямар ч төрлийн өвчнийг оношлох боломжтой энгийн санааг гаргаж ирсэн бөгөөд патент авах өргөдөл гаргаж , Станфордоос гарч, Тераносыг үүсгэн байгуулжээ.

Теранос эмнэлгийн дараалал, лабораторид цаг алдахгүйгээр өвчнийг эрт үед нь илрүүлэх давуу талтай зөөврийн төхөөрөмжийг санал болгосон ба оношыг тогтооход зөвхөн дусал цус л хангалттай хэмээн сурталчилж байсан аж. Тераносын хамгийн анхны сая долларын хөрөнгө оруулагч нь Холмсын гэр бүлийн найз Тим Драфер байсан. Энэ нь анхдагчийн нэр хүндийг огцом өсгөн, улмаар Руперт Мурдок, Жорж Шульц, Хенри Киссинжер тэр байтугай Барак Обама нарын анхаарлыг татжээ.

Богино хугацаанд Элизабет Холмс "Цахиурын хөндий"-д домог болсон юм. Тэрээр эмийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, TEDx-т лекц уншин, Нью Йорк Таймс болон Форбесын тэргүүн нүүрэнд гарчээ. Сэтгүүлчид түүнийг дараагийн Стив Жобс гэж хүртэл харьцуулж байсан. Гэсэн ч төхөөрөмжний ажиллагаанд хэн ч анхаарал хандуулаагүй бөгөөд бүгд түүний хэлсэн үгэнд итгэж, хөрөнгө оруулагчдын мөнгө ч хур шиг цугларчээ. 2014 онд Теранос 9.5 тэрбум долларын үнэлгээтэй компани болсон байлаа.

Харин асуудал 2015 оноос эхэлсэн нь сэтгүүлч Жон Каррейроу “The wall street journal” сэтгүүлд Терраносын гайхалтай төхөөрөмж нь хуурамч болохыг илтгэсэн нийтлэл бичсэн ба зөөврийн технологи нь нэг ч оношийг зөв оношилж чадахгүй байгааг илчилжээ. Компаний үйлчлүүлэгчдийн илгээсэн цусны дээжүүдийг том лабораторид (Холмс уг лабораторийг ихэвчлэн шүүмжлэх дуртай байсан) шинжлүүлэхээр илгээдэг байсан нь батлагджээ. Үүний дараагаар үнэтэй өмгөөлөгч, бусдыг ховсдох зан чанар нь ч аварч чадсангүй компаний үнэлгээ навс унаж, Форбес сэтгүүлд “Дэлхийн хамгийн сэтгэл гонсойлгосон удирдагч” гэсэн шинэ нэрээр солигджээ.

Холмс эрх мэдэл, өөртөө итгэх итгэлдээ хэт бардан мэдлэгийг дутуу үнэлсэн нь эндээс харагддаг. Мөн тэрээр удирдлагын менежментийн алдаа гаргасан нь ажилчдаас шүүмжлэл сонсдоггүй, шүүмжлэлээс татгалзан шийдвэрийг ганцаарчлан гаргадаг байснаас гадна тухайн салбарт ямар ч туршлагагүй байсан юм.

 

Хэдийгээр өөртөө итгэлтэй байдал нь аливаа бизнест чухал хүчин зүйл боловч, орчин үеийн амжилттай компани нь 100 жилийн өмнөх зарчмаар хөгжих ёстой. Энэ нь зорилтот талбарт хангалттай мэдлэг хуримтлуулан, мэргэжлийн багийг бүрдүүлж, олон ургалч үзлийг хүлээн авах чадвар болон ёс зүйн тодорхой байр суурьтай байх зэрэг багтдаг. 

Мэдээж хэрэг энэ баримтлал нь зөвхөн тэрбум долларын компаниудад ч биш жирийн хүмүүст ч хамаатай. Бид бүхэн зоримог хүсэл мөрөөдөл нь бодит байдлаас зөрүүтэй болохыг түүний жишээнээс харж суралцах хэрэгтэй.



Эх сурвалж: brightside.me