Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтран "Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя" уриалгыг гаргаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа "Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүдэд хандаж энэ уриалгыг гаргаж байна. Өнөөдөр Монгол Улсад хүүхэд цахим халдлагад өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь засч, залруулж болохооргүй хор уршийг ар араасаа дагуулж байна. 

Хүүхдийг цахим орчинд гүтгэх, доромжлох, садар самуунд уруу татах, сөрөг мэссеж, комент бичүүлэх зэрэг олон сөрөг үр дагавар гарч байна. Монгол Улсад гаргасан судалгаагаар өнөөдөр 37 хувь нь хуурамч хаягнаас энэ гүтгэлэг доромжлолыг бичдэг байна. 

Дэлхийн улс орнуудад 5 хүүхэд тутмын нэг нь цахим халдлагад өртөх эрсдэлтэй болсон гэдгийг олон улсын судалгааны байгууллага гаргасан. Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй олон гэмт хэрэг байгаагийн дийлэнх нь хараа хяналт тавихад хүндрэлтэй цахим халдлагатай холбоотой. 

Тийм учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя" нэг сарын аяныг зарлаж байна. 

Бид хэн нэгнийг буруутгах биш, бидний ирээдүй болсон хүүхдүүдийг эсрэг үйлдэгдэж буй энэ халдлагыг зогсоох нь чухалчилж байна. Иргэд, бүх байгууллагууд үүнийг дэмжинэ гэдэгт итгэж байна. 

Тиймээс энэ уриалгын хугацаанд бүх албан байгууллагууд өөрсдийнхөө хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цахим сурталчилгаа хийх, эцэг эхчүүдтэй хамтарч энэ талаар хийж болох бүх зүйлийг хийе гэж уриалж буй юм. Манай улсад хууль эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч яг цахим халдлагаас үр хүүхдээ хамгаалах орчин бүрдээгүй.

Хүүхдээ хамгаалж чадахгүй байгаа улс орон үндэсний аюулгүй байдлын талаар яриад ч хэрэггүй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, интернетээр үйл ажиллагаа явуулдаг компани, эцэг эхчүүдийн холбоод бүгд бидний уриалгыг дэмжиж ажлаасай гэж уриалж байна" гэв.