Сүүлийн үед Эрээн хотод Монгол жолооч нартай холбоотой хэрэг зөрчил ихээхэн гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор тус хотын Ардын засгийн ордноос Замын-Үүдээс Эрээн боомт руу орж буй бүх автомашинд үзлэг шалгалт хийж хэв журам зөрчсөн жолооч нарыг торгох журам хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр хилээр орж гарч байгаа жолооч нар зөрчлийн оноотой болох юм. Жолооч нар 1-12 оноотой, хэрэв дүрэм зөрчвөл оноогоо хасуулах юм. Энэ сарын 15-наас гэрэл дохио зөрчвөл 2 оноо, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 12 оноо хасаж, 2000 юаниар торгон Эрээн хотын хилээр автомашинтайгаа нэвтрэх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авахаар болсон гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхдөш хэллээ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд Эрээн хотын чиглэлд тогтмол явдаг 1500 орчим автомашин бүртгэгдсэн байна. Эхний зургаан сарын байдлаар манай жолооч нар БНХАУ-ын Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн 30800 зөрчил гаргаад байгаа ажээ.