МОСКВА. /TASS/. Суданы гол эсэргүүцэгч хүчин болох Эрх чөлөө, шилжилтийн төлөөх эвсэл шилжилтийн Цэргийн зөвлөлийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээгээ зогсоосны дараа бүх нийтийн ажил хаялт зохион байгуулах тухайгаа мэдэгджээ. Энэ тухай телевизийн “Al Jazeera” суваг мэдээлэв.

Засгийн эрхийг төлөөлөх байгууллагуудын дийлэнхийг өөртөө нэгтгэхийг оролдож байна хэмээн Эрх чөлөө, шилжилтийн төлөөх эвсэл цэргийнхнийг буруутгаж, иргэний үл захирагдах ажиллагааг чангатгаж магадгүй гэдгээ анхааруулжээ.  

Эдийн засаг, цахилгаан  хангамж, тээвэр, боловсрол зэрэг олон салбарыг хамарсан ажил хаялтыг өнөөдөр явуулахаар төлөвлөжээ. Сөрөг хүчний цохон тэмдэглэснээр, энэхүү ажил хаялтад шүүхийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд нэгдэх аж.

Ажил хаялтын гол зорилго нь Суданы ард иргэдийн бүх шаардлагыг хангах, засгийн эрхийг иргэний засаглалд шилжүүлэн өгөхөд оршиж байна хэмээн Эрх чөлөө, шилжилтийн төлөөх эвсэл мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг