Нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав

Б.Баясгалан
01 сарын 06, 2020

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгаж, нэгдүгээр сарын 20-нд хичээллэж эхлэхээр шийдвэрлэлээ.

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзжээ. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. 

Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушигны хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ. 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай_ Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна. Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хоригложээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа. Тус долоо хоногийнх нь хичээлийг агуулгаар нь нөхнө. Орон нутгийн сурагчид энэ сарын 13-наас хичээллэнэ. Томуугийн дэгдэлт өндөр буй зарим аймаг орон нутагтаа шийдвэр гаргана. Аймаг, орон нутгийн Засаг дарга нарт сурагчдын амралтыг долоо хоногийн хугацаатайгаар нааш, цааш хөдөлгөж болох эрхийг шилжүүлсэн" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.