Орчин үед гэрийн даалгавар ийм их өгдөг болчихсон юм уу, хамгийн багадаа 1 цаг заримдаа 3 цаг хүртэл суугаад ч хүүхэд маань гэрийн даалгавраа хийж амжихгүй байна гэж найз маань надад зовлонгоо учирлалаа. Уг нь дөнгөж 6 настай буюу энэ жил нэгдүгээр ангид орсон хүүхэд л дээ. Тоглож наадах цаг гарах нь битгий хэл хэт их ачааллаас болж ядаргаанд орж эмнэлэгт хэвтэж байсныг нь ч би мэднэ. Хүүхдийн ээлжийн амралт эхэлсэн энэ үед охид маань ч гэсэн гэрийн даалгаварт дарагдчихсан суугаагийн хувьд энэ бүхнийг гадарлана. 

Ингэхэд толгой өөд татахгүй их гэрийн даалгавар өгдөг арга барил зөв үү, дэлхий нийт энэ тал дээр ямар бодлого барьж хүүхдээ сургаж байгаа юм бол?


ГЭРИЙН ДААЛГАВАР БАГА ӨГДӨГ УЛС ОРНУУДЫН БОЛОВСРОЛЫН ЧАНАР ӨНДӨР ГАРЧЭЭ

Саяхныг болтол гэрийн даалгавар их өгөх нь сурах үйл явцыг идэвхжүүлдэг, аливаад хариуцлагатай ханддаг арга барил суулгадаг гэж үзэж байлаа. Гэхдээ орчин цагт, өнөөдөр энэ ойлголт хэдийн хоцрогджээ. Хоёр жилийн өмнөөс олон улсад хүүхдэд гэрийн даалгавар өгөхийг хорих хандлагатай болсон байна. 

Станфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар сурагчдадаа бага даалгавар өгдөг Дани, Финланд, Чех, Япон, Норвеги, Канад, Австрали зэрэг орны сурагчид сайн суралцаж ахлах сургуулиа 93 хувиас дээш хувь амжилттай төгсдөг болох нь батлагджээ. Эдгээр орнууд мөн боловсролын системээрээ дэлхийд толгой цохиж яваа.

Эсрэгээрээ сурагчдаа хэт их ачаалал, гэрийн даалгавраар дардаг Грек, Тайланд, Иран зэрэг улсын сурагчдын амжилт төдийгүй тухайн улсынх нь боловсролын  түвшин тааруу үнэлгээтэй гарчээ.

Тэгвэл энэ удаа дэлхийд боловсролын систем нь дээгүүрт үнэлэгддэг Финланд, Япон орны хүүхдүүд хэр их даалгавар хийдэг талаар судалж үзлээ.


              ФИНЛАНДЧУУД ХҮҮХДЭД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГДӨГГҮЙ, ОЛИМПИАД ОРОЛЦУУЛДАГГҮЙ

Финландад хүүхдэд гэрийн даалгавар өгдөггүй. Хүүхэд зөвхөн танхимд нь суралцаж боловсрол эзэмшихэд хангалттай гэж үздэг. Гэсэн атлаа олон улсын боловсролын системийг үнэлдэг PISA жагсаалтад Финландын сурагчид тэргүүн байр эзэлдэг ажээ.

Монголчуудын мэддэг ЕБС-аас энд шал өөр систем үйлчилнэ. Жишээ нь сурагчдад биеийн тамирын хичээл ордог ч сургуулийн спортын баг гэж байдаггүй. Бас олимпиад, уралдаан тэмцээнээр хүүхдийг шалгаруулах нь хориотой. Учир нь өрсөлдөөнийг биш тухайн хувь хүн бүрийн онцлогийн харгалзаж үзэж хөгжүүлэх ёстой гэж үздэг.

Ямар ч сурлага тааруу хүүхдийг сайн сурагчтай харьцуулж үздэггүй, харин илүү бие дааж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж нийгэмдээ дасан зохицох чадварыг суулгахыг эрмэлздэг. 

Энэ улсад очсон монгол бүсгүй тус улсын боловсролын талаар өөрийн фэйсбүүк хуудас дээрээ тун сонирхолтой жишээ бичсэнийг энд дурьдаж болно. Монголоос очсон хүүхэд нь суралцахад хоцрогдлын асуудал байсангүй. Харин ч үеийнхнээсээ тэргүүлжээ. Гэвч сургуулийн эрхлэгч нь хүүхдийнх нь асуудлаар дуудаж уулзсан бөгөөд хүүхэд нь дүнгийн араас хэт хөөцөлдөх сэтгэлгээтэй байгааг энэ хэрээрээ бусадтай нийтэч бусыг анхаарч үзэхийг, ер нь аливаад хандлага хамгийн чухал болохыг сануулжээ. Боловсрол, ЕБС-ын сургалт гэдэг зөвхөн дүн бус төлөвших үйл явц гэдгийг ойлгуулсан энгийн жишээ энэ.

Тиймээс ч Финландад сонгоны анги гэж байдаггүй. Учир нь нэг хичээлийн дагнасан хүүхэд бусад хичээлээ орхигдуулдаг гэж үздэг. Мөн  ямар ч зорилгоор хамаагүй эцэг, эхчүүд хүүхдэдээ ЕБС-ын сургалтын холбогдолтой нэмэлт ном худалдан авч өгөх хориотой гэнэ.

Багш нарын хамгийн чухал барих ёстой дүрэм нь “Хүүхдүүдэд хүндэтгэлтэй хандах”. Аль нэг хүүхдийг багш бусдаас онцгойлон өөриймсөг хандвал хөдөлмөрийн гэрээгээ цуцлах хатуу дүрэмтэй. 



ЯПОН БАГШ НАР ДААЛГАВАРТ БУС БУСДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ СУРАХ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ

Японы өндөр хөгжлийн суурь нь боловсролын төгс тогтолцоо нь гэж судлаачид хүлээн зөвшөөрдөг. Энэ улсад сургалтын арга барил бусад орноос тэс өөрөөр өрнөнө. Багш өөрийн мэдлэгээ өгөх гэж хэт их даалгавраар дарах бус бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, эргэн тойрноо танин мэдэх, өөрийн сэтгэл хөдлөлөө хянах, бусдын хөдөлмөрийг үнэлэх гэх мэт хувь хүний төлөвшихөд хэрэгтэй зүйлсийг дадал болгохыг эрмэлздэг. 

7 хоногт хийх нийт 3.8 цагийг даалгавар хийх ёстой. Даалгавар нь хүнд биш, гол нь өөрт ноогдсон ажлаа заавал хийх ёстой гэдгийг ойлгуулах зорилготой. Мөн дөрөвдүгээр ангид ортлоо буюу 10 нас хүртлээ нэг ч шалгалт өгдөггүй. Сакура цэцэглэх цаг буюу 4 дүгээр сард хичээл ордог нь хүүхдийн сэтгэл зүйг дэмжих, хичээл бол баяр хөөр гэсэн ойлголтыг төрүүлэх зорилготой.

Сурагчдын 94 хувь нь 10 дугаар анги буюу ахлах сургуульдаа дэвшин ордог бөгөөд энэ нь ч маш сайн үзүүлэлт юм. Гэрийн даалгавар багатай ч хөгжүүлэх хөтөлбөр ихтэй учраас хүүхдэд бараг зав гардаггүй. 



ХЭТ ИХ ГЭРИЙН ДААЛГАВАР ХҮҮХДИЙГ СТРЕССТ ОРУУЛДАГ

Финланд болон Япон улсын жишээ дэлхийн олон улс оронд үлгэр дуурайл болж гэрийн даалгаврыг багасгахад нөлөөлж байна. Ингэхэд яагаад гэрийн даалгавар яагаад бага байх ёстой гэж, хүүхэд маань хоцрогдвол яах вэ гэж боддог эцэг эхчүүд цөөнгүй бий. Эдгээр ээж аавууд гэрийн даалгавар хүүхдийг хариуцлагатай болгож, ажил дээр ч өгсөн үүргийг биелүүлдэг хүн болно гэж боддог. Энэ нь үгүйсгэх аргагүй үнэн. Эрдэмтэд ч хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ байзаарай. 

Жилийн өмнө Вашингтон Пост сонины хийсэн судалгаагаар хүүхдэд өгсөн гэрийн даалгавар гэр бүлийг стресст автуулдаг гэдгийг баталжээ. Ялангуяа боловсролын түвшин доогуур эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийх үед зодох арга хэрэглэх магадлал 200 хувь гэнэ. Үүнээс болж зарим нь хүүхдэдээ даалгавраа хийхгүй байхыг зөвлөдөг тухайгаа ч илэн далангуй ярьсан байна.

Тэдний үзэж буйгаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад хүүхэд өөртөө итгэлгүй болох, сургуулийн тухай тааруухан ойлголт авах бүтээлч бус хүн болон төлөвшихөд нөлөөлдөг аж. Үүнийг мөн л судалгаагаар баталжээ. Сурлагаараа тэргүүлдэг Калифорнийн топ 10 сургуулийн 4300 хүүхдээс ярилцлага авахад 70 хувиас илүүд нь хэт их даалгавраас үүдэн стрессийн шинж тэмдэг илэрсэн байна. Тухайлбал толгой өвдөх, гэдэс базлах, жин буурах, ядрах, нойргүйдсэн ажээ. Нийт хүүхдийн 44 хувьд нь 3 болон түүнээс дээш стрессийн шинж тэмдэг илэрчээ.

Тиймээс АНУ-д бага ангийн сурагчид 10 минутын даалгавар, ахлах ангийнханд 2 цагийн даалгавар өгөх стандарт тогтоожээ.



МОНГОЛЫН 1 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧ АМЕРИК ХҮҮХДЭЭС 6 ДАХИН ИХ ЦАГИЙГ ДААЛГАВАР ХИЙХЭД ЗАРЦУУЛЖ БАЙНА

Манай улсад даалгаварын хугацаа нь олон улсын жишигтэй ойролцоо гэсэн судалгаа бий. Харин хүүхдэд хэт их ачаалал өгч байгаа нь багш нарын хичээл заах уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаатай холбоотой нь нууц биш. Гэхдээ боловсролын шинэчлэлийн талаар ярих болгонд энэ талаар ярьж оролдлого хийсээр байна. Өөрөөр хэлбэл хэт их мэдээлэл өгөх аргаар мэдлэг олгодог аргаа өөрчилж, хүүхдээр мэдлэгийг өөрийг нь бүтээлгэх, сэдэлжүүлэх, чиглүүлэх арга барил рүү шилжих тухай сүүлийн хэдэн жил ярьж буй. Бага, дунд, ахлах ангийн хөтөлбөрийн шинэчлэлүүд бүгд энэ тогтолцоо руу чиглэж буй.

МХЕГ-аас сурагчдад өгөх нэг өдрийн гэрийн даалгаврын хэмжээ, ачааллыг сургалтын агуулга, сурагчдын нас, бие, хөгжлийн онцлогт тохируулан өгөх зөвлөмж боловсруулсан байдаг. Зөвлөмжөөс харвал нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар 1 цагаас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Харин II-III ангийн сурагч 1.5 цаг, IV-V ангийн сурагч 2 цаг, дунд ангийн сурагч 2.5-3 цаг, ахлах ангийн сурагчийн гэрийн даалгавар 3.5 цагаас ихгүй байх шаардлагатай гэжээ. Үүнийг харахад Монголын нэгдүгээр ангийн сурагч америк хүүхдээс 6 дахин их хугацаагаар даалгавар хийдэг болох нь харагдаж байна.


Гэрийн даалгаврыг өгөх нь зөв эсэх талаар эцэг эхчүүдээс тодрууллаа.

Ихэнх цагаа даалгавар хийж замын түгжээнд өнгөрүүлж байгаа хүүхдээ өрөвддөг

/БЗД дүүргийн 84 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагчийн ээж Х.А/

Бид хүүхдээ харьяа бус сургуульд оруулсан. Тиймээс өдөр хичээлдээ явахын тулд 12 цагаас гарч байж 14 цагийн хичээлдээ амжиж ордог. Хүүхдийн маань хичээл нь 7 цагт тараад замдаа мөн 1 цаг 30 минутаас 2 цаг түгжирч байж гэртээ ирдэг дээ. Ирээд хоол ундаа идээд 1 орчим даалгавар хийгээд ядарсандаа дэвтэрээ дэрлээд унтчихдаг юм. Маргааш өглөө нь босоод дор хаяж 2 цагийн даалгавар хийдэг. Багш нар нь мэдээж сайн сургахын тулд, сурсанаа батжуулахын тулд даалгавар өгдөг болов уу. Гэхдээ ямар ч завгүй, тоглож наадаж ч амжихгүй өнөөгийн хүүхдийг хараад өрөвддөг. 


Даалгавар өгөх нь зөв ч ээлжийн амралтаар даалгавар өгөхийг дэмждэггүй

/23 дугаар сургуулийн 2 дүгээр ангийн сурагчийн аав Ө.Б/

Манай хүүхэд хоёрдугаар ангид сурдаг.  Хичээл нь их биш ч манай хүүхэд удаан талдаа учраас даалгавраа хийхдээ их цаг зарцуулдаг. Өдөрт хамгийн багадаа 2 цагийг даалгавар хийхэд зарцуулж байна. Зарим үед хүүхэд маань хичээлээсээ залхаж байгаа нь анзаарагддаг. Үнэндээ зарим хичээлийг нь заая гэж ойлгодоггүй учраас өөрөө сууж байгаад л хийдэг дээ. Миний хувьд сургууль гэрийн даалгаврыг өгөх нь зөв гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ наанатай цаанатай хандмаар байна. Ядаж амралтаар нь даалгавар битгий өгөөсэй гэж боддог.