Залуусыг эерэг, бүтээлч сэтгэлгээнд уриалсан “Гэрэлтүүл” нэртэй алкохолгүй амьд хөгжмийн тоглолт өнгөрсөн пүрэв гарагт Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

“Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай тус тоглолтыг “Цацрах Эгшиг” НҮТББ-ын санаачлагаар амьд хөгжимд дурлагч залуус хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй юм.

Тэд энэ удаагийн тоглолтоо уран зургийн үзэсгэлэнтэй хослуулан задгай талбайд зохион байгуулсан нь өмнөх тоглолтуудаасаа онцгой байлаа. Тодруулбал, “BLUE BIRD” креатив арт студитай хамтран Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг уран зургийн үзэсгэлэн, бүтээлүүдээр чимсэн байв. 

Тоглолтод BEDBUGS, Dusty bags, Хараацай, The SHOM, Uudee’s Band, CQ Band, Mort En Cruex, The Tourists хэмээх панк рок, алтернатив рок, инди рок, электроник поп урсгалаар тоглодог шинэ үеийн хамтлагууд оролцсон юм. 

Урин дулааны улирлын өнгө аястай төгс зохицсон амьд хөгжим сонсож, нэгэн оройг гайхалтай эерэг уур амьсгалтай өнгөрүүлсэн залуусын сэтгэгдлээс хүргэж байна.

18 настай Н /эмэгтэй/: “Би амьд хөгжимд хайртай. Ихэнхидээ хүнд метал, блэк метал сонсдог. Миний оролцдог тоглолтуудаас “Гэрэлтүүл” их өөр. Нэр, урианаасаа авахуулаад бүх зүйл нь эерэг, гэгээлэг, илүү бүтээлч, шинийг эрэлхийлсэн, эко санагддаг. Өнөөдөр ч гэсэн бүх юмс шинэлэг, ялангуяа уран зургийг амьд хөгжимтэй уялдуулаад, түүнтэйгээ тохирсон зөөлөн урсгалын хамтлагууд тоглосон нь их зөв санаа байлаа. Давхар олон шинэ хамтлагийг дэмжиж тоглуулсан сайхан тоглолт байна. Дараагийн фестивалийг ч хүлээж байна” гэв. 

20 настай Б /эрэгтэй/: “Би урсгалд баригддаггүй, амьд хөгжмийн бүх л урсгалыг сонсдог. Тоглолт, фестиваль болгоныг алгасдаггүй. Миний дуртай хамтлагууд энд ирсэнд олзуурхаж байна. Зөвхөн залуучууд ч гэлтгүй нас тогтсон хүмүүс, хөгшчүүд ирсэн нь цар хүрээгээ тэлж буйн илрэл. Тэдэнд одоо үеийн залуучууд эерэг хандлагатай болсон гэдгийг энэ тоглолт харуулсан юм шиг санагдлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Цэцэрлэгт хүрээлэнг уран зургаар чимж, уран зургийг амьд хөгжимтэй хослуулсан нь хэний ч төсөөлөөгүй өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж, хайрцагнаасаа гарч сэтгэсэн нь ирсэн олны сэтгэлд ихэд тааламжтай байв.

Энэ үеэр “Цацрах Эгшиг” ТББ-ын тэргүүн, тус тоглолтыг удирдан зохион байгуулагч Б. Ууганцацрал 

᠌᠌"Өмнөх тоглолтуудаа дандаа танхимд, битүү, харанхуй орчинд хийсэн нь хөгжмийг мэдрэх боломж хязгаарлагдмал юм болов уу гэж үзсэн. Тиймээс байгаль, ус, модтой ойр газар хийхээр төлөвлөөд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг сонгосон. Энд уран зургийн үзэсгэлэн, art installation чиглэлийн бүтээл хийсэн нь хүүхэд, залуусыг урлагт илүү дурлаасай, мэдрээсэй гэсэн санаа агуулсан. Үүгээрээ өмнөх тоглолтуудаас онцлог. Зөвхөн хөгжмийн фестивалиар зогсохгүй “Гэрэлтүүл” нэрийнхээ хүрээнд аливааг өөдрөгөөр харж, дотроо унтарчихсан, гуниж гутарсан яваа нэгнээ асааж, гэрэлтүүлэх хандлага бий болгох олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна” гэдгийг онцлов.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 4 дэх удаагаа болж буй тус алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хэдийнээ өөрийн гэсэн үзэгч, сонирхогчидтой болжээ. Амьд хөгжмийн хэмнэлийг мэдрэхээр ирж буй тэд тоглолтдоо зориулан хувцаслаж, бусдыгаа дэмжиж, эерэг зүйлсэд уриалж буй нь очиж сонирхсон хэн бүхэнд ил байлаа. Тэд бүтээлчээр сэтгэж, эрүүлээр зугаацаж болдгийг бодитоор харуулж, урлагийн үнэ цэнийг мэдэрч, мэдрүүлж буй нь олзуурхам...