Зам тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн хоёр ч удаа хэвлэлийн хурал хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч буйгаа мэдээлсэн юм.

Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг өчигдөр /2019.01.01/ таалал төгсчээ. Нас барсан тодорхой шалтгааныг бид нарийн мэдэхгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн аав болох Р.Төмөрхуяг нь сэтгэл санаанаас үүдэлтэйгээр ходоодны хорт хавдраар нас барсан гэх мэдээлэл байна.

Тэрээр хүүгийнхээ 49 хоногийн өдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэхдээ "Өнөөдөр талийгаачийн 49 хоног болж байна. Бидэнд үнэхээр харамсалтай байна. Миний хүү төрд ажиллаж буй манай удам угсааны 4 дэхь үе байсан. Би өөрөө хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хүүгээ төрийн албанд ороход нь ийм харамсалтай хэрэг гарна гэж бодсонгүй. Уг хэрэгтэй холбоотой буруу ташаа янз бүрийн мэдээлэл хэвлэл болон цахимаар цацагдаж байна. Бид ёс жаягаа бодоод өнгөрсөн хугацаанд чимээгүй байлаа. Хүү маань архи дарс ууж, танхайрдаг хүн биш. Манайх 2 охинтой, нэг хүүтэй. Гомбосүрэн бол миний голомтыг түших ганц хүү минь байсан. Одоо надад 4 ач үлдлээ. Хамгийн бага нь ой, 6 сартай. 20 жилийн дараа би энэ хүүхдүүдэд аавынх нь тухай юу гэж хэлэх вэ. Нийгэмд тархаад буй талийгаачийг архи ууж байгаад танхайрч тус хэргийн хохирогч болсон гэсэн буруу ташаа мэдээллийг залруулах зорилгоор өнөөдөр бид мэдээлэл хийж байна" хэмээн ярьж байсан юм.