Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хороо, Улсын их хурлын гишүүн Н.Учралын санаачлагаар зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордоны их танхимд явагдаж өндөрлөлөө. 

Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, А.Баттулга сан дэмжин ажиллаж байгаа юм.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлэгээс оролцож буй байгууллагын хүрээгээрээ харьцангуй өргөн хүрээг хамарч зохиогдсон ба ЦЕГ-аас өрнүүлж буй Unfriend аяныг дэмжин явагдсанаараа онцлогтой байлаа.

УИХ-аас цахим бодлогыг хэрэгжүүлж эхлэн “Цахим бодлогын түр хороо”-г байгуулан ажиллаж байгаа ба өдөр өдрөөр нэмэгдэж буй цахим орчныг зөв зохистой хэрэглэх, түүний цаана далд хэлбэрээр нуугдаж байдаг элдэв төрлийн гэмт хэрэг, халдлага, хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэх контент, бага насны хүүхдийн сэтгэхүй, ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй цахим орчны талаар салбар салбарын төлөөллүүд оролцон санал бодлоо солилцлоо.

Уг хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн газар албадууд, хүүхэдтэй ойр ажилладаг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагч болон эцэг эхийн төлөөлөл гээд нийт 800 гаруй оролцогч оролцсон нь бүх л талаас нь хүүхдийг цахим халдлагаас хамгаалахад илүү ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өнөөдрийн хэлэлцүүлэгээс гарсан санал дүгнэлт зөвлөмжийг УИХ-ын гишүүн, УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал төрийн 3 өндөрлөгт хүргүүлэх бөгөөд энэхүү санал санаачлага нь зөвхөн яригдаад өнгөрөх биш  төрийн өндөрлөгүүдийнхээ түвшинд ажил хэрэг өрнүүлэх томоохон ажлын эхлэл болгох зорилгыг агуулж байгаа юм.