Эцэг эх болгон л хүүхдээ амжилттай хүн болгохыг хүсдэг. Гэхдээ тэрхүү амжилт гэгч зүйл хувь хүний хичээл зүтгэл, үнэнч шударга байдлаас л эхэлдэг гэдгийг судлаачид хэдийн тогтоочихсон. 

Харамсалтай нь монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин жил ирэх тусам буурсаар байгааг “Хүүхдийн шударга байдлын судалгаа” баталжээ.

Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан дүн юм. Уг судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлдөг талаар социологичид дүгнэлт хийжээ.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номын агуулгаар контент хийжээ. 

“Найзын яриа” шударга ёсны өгүүллэгүүдээр дамжуулан дунд сургуулийн сурагчдад шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, хүүхдүүдэд зөв шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилго агуулжээ.

Комиксын баатрууд Тамир, Дөлгөөн нарын гэрт, ангид болсон явдлууд нь энгийн мэт хөврөх ч өдөр тутамдаа хүүхдүүд яагаад шударга ёсыг эрхэмлэх ёстойг ухааруулах аж. 

Тухайлбал гар утас олсон хүүхдүүд газраас олсон юм чинь авчих уу, эзэн нь утсаа хайгаад сандарч байгаа болов уу гэж ярилцах хүүхүүд эцэг эхийнхээ зөвлөснөө утсыг эзэнд нь эргүүлж өгдөг. Сайн эргэцүүлж үзвэл зохиолын баатар хүүхдүүд эцэг эхчүүдэд ч бас гэр бүлийн орчинд жижиг гэлтгүй зүйлд шударга, чин сэтгэлээсээ хандах ёстойг, өөрсдөө үлгэрлэх ёстойг ухааруулах ажээ.

Та шударга ёсны төлөөх "Найзын яриа"-г хүүхдэдээ заавал үзүүлээрэй.