Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн дагуу зургаадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй билээ.

Ийнхүү хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.

Өнөөдрөөс эхлэн автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй жолооч нарыг илрүүлэх ажил албан ёсоор эхэлж байна.

Иймээс нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр хяналтын 2 пост, алслагдсан 3 дүүрэгт тус бүр 1 пост, нийт 15 цэгт татварын болон замын цагдаагийн 30 албан хаагч хяналтын үзлэг шалгалт хийж байгааг мэргэжилтнүүд дуулгалаа.

14 хоногийн хугацаанд тээврийн цагдаагийн зохицуулагч нар тусгай төхөөрөмж ашиглан төлбөр хураамжаа төлөөгүй тээврийн хэрэгслийг зогсоож шалгах аж. Хэрэв үүргээ биелээгүй бол бичиг баримтыг нь хураан нийслэл, дүүргийн татварын байцаагч нарт шилжүүлэн хууль дүрмийн дагуу торгуулийн арга хэмжээ авах ажээ.

Харин өнөө маргаашдаа багтаж сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй юм байна.

Иргэн тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг онлайнаар вэб болон мобайл аппликэйшнээр төлж болох юм.