Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн техник, хяналт, үзлэг оношлогоог нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэсэн гурван төвд хийж гүйцэтгэдэг. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан жил бүрийн уламжлал болсон “Хүүхэд-аюулгүй тээвэр” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, татвар, даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авч, техникийн хяналтын үзлэгт орсон жолооч бүрийн хүүхдэд гарын бэлэг гардууллаа.


Өнгөрсөн жил энэхүү арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран тээврийн хэрэгслүүдийн аюулгүй, стандарт шаардлага хангасан эсэх, ямар стандарт шаардлагын дагуу тоноглогдсон байх талаар таниулан сурталчилж байсан бол энэ жил бүхий л эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулан арга хэмжээгээ зохион байгуулжээ.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга С.Давааням “Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд, иргэд, жолооч, эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, шаардлага, стандартын дагуу тээвэрлэх нь нэн чухал асуудал болоод байна.

 “Улаанбаатар хотод хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, ард иргэд, жолооч нарт хүүхдийг хэрхэн аюулгүй тээвэрлэх талаар заавар зөвлөгөөг энэхүү өдөрлөгийн үеэр танилцууллаа. Зөвхөн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвөөр жилдээ 100 мянга орчим тээврийн хэрэгсэл үзлэг, оношлогоонд орж, техникийн үйлчилгээ авдаг” гэлээ.