Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” хэлэлцэв.  

“Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ. 

Тэрбээр “2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хангалттай сайн биелүүлсэн гэж үзсэн. Цахилгаан, дулаан, дэд бүтэц зэрэг чиглэлээр ажилладаг чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтраад тайлант хугацаанд нийт 1231 ажил, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсэн. Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүссэний улмаас айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнийг цаг тухайд нь шийдвэрлэж, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай хамтран ажиллаж, 8880 тн ус соруулан, 17406 тн мөсийг зөөвөрлөсөн. 

Нийт 28 инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварласан. Дулаан хангамжийн чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн нь өнөтэй өвөлжихөд эерэг нөлөө үзүүллээ” хэмээлээ. Мөн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 1311 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, УБДС ТӨХК-ийн дулааны төв шугамын зуны их засварын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн байршилд 5.112 км дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа" хэмээн танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчдөөс хэд хэдэн санал гарсан юм. НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлийн иргэдийг тав тухтай өвөлжихөд бүх боломжоо дайчлан ажиллах”-ыг холбогдох албаны хүмүүст даалгав.  


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс