Сан Антонио Спөрс баг холбон тоглогч Тони Паркерыг хөгжлийн Жи лигийн багаас эргүүлэн дууджээ. Паркер долоо хоногийн өмнөөс бэртлээс эргэн ирэх эмчилгээнийхээ хүрээнд Остин Спөрс багтай хамт бэлтгэл хийж эхлээд байсан юм.

Пүрэв гарагт Голден Стэйт Уорриорсын эсрэг хийх тоглолтонд Тони Паркерыг оролцохгүй гэсэн мэдээлэл гарсан. Дасгалжуулагч Грэг Попович ч Тони Паркерыг 100 хувь бэлэн болтол талбай дээр гаргахгүй гэж хэлсэн. Гэвч түүний бэртлээс эргэн ирэх хугацаа ойртсоор байгаа юм.

Паркер карьертаа 16.2 оноо, 5.8 оновчтой дамжуулалт дунджилж дөрвөн удаа NBA-ийн аварга болж байсан туршлагатай холбон тоглогч билээ.

Багийн түлхүүр тоглогчдын нэг Кавай Леонард ч бас баруун гуяндаа авсан бэртлийн улмаас энэ улиралд ганц ч тоглолтонд оролцоогүй юм. Спөрс баг улирлыг дараалласан дөрвөн хожлоор эхлүүлсэн ч түүний дараагаар гурван ч хожигдол амсаад байна.