П.Мөнгөнсор
08 сарын 01, 2022
Дэлхийн боловсролыг эзэмшихийн тулд заавал барууны их сургуулиудыг зорьдог хандлага өөрчлөгджээ. Ази тэр дундаа Төв Азийн орнуудын их сургуулиудын чанар чансаа ахиж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэх хэмжээнд хүрснийг олон улсын томоохон судалгаа харуулж байна.
Одоогоос таван жилийн өмнө дэлхийн шилдэг 200 их, дээд сургуулийн жагсаалтад Хятадын хоёрхон сургууль багтаж байжээ. Гэтэл энэ онд энэхүү тоо долоо болж өссөн үзүүлэлт гарчээ.
Ийнхүү чансаа ахиад зогсохгүй Хятадын Цинхуа их сургууль түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг 20 их сургуулийн нэгээр нэрлэгдэв.
Хятадаас гадна Хонгконгийн их, дээд сургуулийн чанар хамгийн өсөлттэй их сургуулиудын тоонд багтах болжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр ч их сургууль шинээр шилдгүүдийн эгнээнд түрэн орж ирлээ. Мөн Солонгос улсын гурван их сургууль шилдэг 200 их сургууль жагсаалтад багтсан байна.
Энэ нь дэлхийн мэдлэг, инновацын төв АНУ, Их Британи, Европын орнуудаас Төв Ази руу чиглэж байгааг илтгэнэ. Ялангуяа цар тахлын нөхцөл байдал уламжлалт хэлбэрээр боловсрол эзэмшдэг үе өнгөрснийг батлан харуулсан юм.
Мөн Азийн орнууд их сургуулийн судалгаа, хөтөлбөрийн агуулгад харамгүй мөнгө төсөвлөж эхэлсэн нь энэхүү өсөлтөд эерэгээр нөлөөлжээ.
Япон улс гэхэд ирэх онд 70 орчим ам.долларыг зөвхөн их дээд сургуулийн судалгааны санд тусгана гэдгээ мэдэгдсэн аж.
Малайз улс ДНБ-ээ 20 хувийг боловсролын салбарт төсөвлөөд буй.
Оксфордын их сургуулийн профессор Зин Ху “Азиуд хэдийнээ хүчээ авч, олон салбарт тэргүүлж эхэлжээ. Гэхдээ энэ хэн нь дэлхийд сүр хүчтэйгээ харуулах гэсэн тэмцэл биш юм. Харин бие биетэйгээ хамтран ажиллаж, илүү хүртээмжтэй, чанартай мэдлэгийг дэлхийд түгээх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.