Германы Франкфуртын мото шоу өнөөдөр эхэлж байна. Шоуны үеэр “Toyota” корпораци 2018 оны шинэ загвараа албан ёсоор танилцуулах юм. Шинэ загварын машиныг “Land Cruiser 300” байна гэж хүмүүс таамаглаж байгаа бөгөөд энэ нь “Land Cruiser 300” биш “Prado”-гийн шинэ загвар аж.

“Prado”-ийн шинэ загварын хөдөлгүүр нь 5.7 литрийн V8 турбо буюу 381 морины хүчин чадалтай. 60 миль буюу 96.56 км цагийн хурдыг 6.8 секундэд туулах юм. Хот дотор 20.9 литр, хурдны зам дээр 11.8 литр түлш идэх бөгөөд түлшний савны багтаамж нь 90.2 литр аж. Түлшний саваа нэг удаа дүүргэснээр замын байдлаас шалгаалан 515-713 км зам туулах боломжтой. 

Урд суудлыг 12, арын суудлыг нь найман янзаар тохируулж болдог бөгөөд суудал нь халаах тохиргоотой, агааржуулалтын хоолойтой. Мөн автомат мэдрэгч цоожны систем, урд болон хойд зайн мэдрэгч, урд, хойд хажуугийн камер, дугайн автомат хяналт зэрэг шинэ технологийг багтаажээ.

Тус шинэ загвар нь “Таныг хүссэн газарт чинь хүргэсэн шигээ буцаан авчрах болно” гэсэн уриатай “Prado”-гийн өмнөх загварыг улам шинэчилж, тав тухыг мэдрүүлэх болно гэдгийг Toyota корпорациас мэдээллээ. Зах зээлд худалдаалах үнэ нь 85 мянган ам.доллар буюу 210 сая орчим төгрөг юм байна.