ВАШИНГТОН. /Reuters/. Хууль бус цагаачлалыг хязгаарлахын тулд Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.

“Ирэх зургадугаар сарын 10-наас эхлэн Мексикийн бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулж, хууль бус цагаачлалын асуудал цэгцрэх хүртэл аажмаар нэмэгдүүлэх болно” гэж Д.Трамп твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Мөн тэрбээр, хэрэв Мексикийн засаг захиргаа үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж хууль бус цагаачлалын хямралыг зохицуулвал татварыг цуцлах болно хэмээн бичжээ. 

Худалдааны маргаан даамжрах нь дэлхийн эдийн засагт нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж буй хөрөнгө оруулагчдыг дээрх мэдэгдэл цочирдуулсан байна. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, АНУ-ын хил дээр өдөрт дунджаар 4500 хүн ирдэг бөгөөд 80 мянган хүн баривчилгаанд байгаа ажээ. Түүнчлэн энэ долоо хоногийн лхагва гарагт Мексикийн хилээр 1036 цагаач хууль бусаар нэвтэрсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сараас хойшхи хамгийн олон хүний бүрэлдэхүүн бүхий цагаачдын бүлэг болжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг